БНСУ-ын хойд Гёнсанпуг-до мужийн хоёр дахь том хот Гумид 59 настай иргэн А гэгч монгол эмэгтэйн амь насыг бүрэлгэж, цогцсыг нь цагаан будааны талбайд нуусан байжээ. Гуми хотын цагдаагийн газар хэргийг илрүүлж, хүн амины хэргийн сэжигтэн 59 настай А-г өнөөдөр баривчлан саатуулсан тухай мэдээлжээ.
Гадны иргэний гарт амиа алдсан байж болзошгүй Монгол улсын иргэн Б нь 56 настай ба сэжигтэн А түүнийг боомилж хороосон хэмээн цахим хуудсуудад мэдээлэл тавьсан байна. Тэд бие биенээ таньдаг байсан бөгөөд гэмт хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ний өдөр хөдөөгийн алслагдсан сууринд сэжигтний автомашин дотор үйлдэгдсэн гэж мөрдөгчид үзжээ.
Сэжигтэн хохирогчийн бие цогцсыг трактороор зөөж, гэрээсээ 2,2 км зайтай Санжуд будааны талбайд булсан тухай цагдаа нар мэдээлэв. Хохирогч эмэгтэйн гэр бүл өнгөрсөн сараас хойш түүнтэй холбоо барьж чадахгүй байгаа тухай хэлж цагдаагийн газарт хандсан байна.
Иргэн Б-ын ор сураггүй болсон тухай дуудлага Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын Дондэмун дүүргийн цагдаагийн газарт иржээ. А-ын гар утсан дахь дуудлага, зурвасыг шалган түүнийг хэргийн гол сэжигтнээр татан баривчилсан байна. Сэжигтэн хохирогч эмэгтэйг хаана байгааг мэдэхгүй гэж хэлсэн ч хэргийн нотлох баримтаар тэд хоёр жилийн турш нэгнээ мэддэг байсныг олж тогтоосон ба сүүлийн үед бизнесийн хөрөнгө оруулалт, мөнгөний тал дээр ихээхэн маргаантай байсныг илрүүлжээ.
Хохирогчийн цогцсыг задлан шинжилж мөрдлөгийг үргэлжлүүлнэ гэж Гуми хотын цагдаагийн газраас мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Naver