СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2020-03-10

Эрүүл мэнд, вирусийн тухай ном зохиолын эрэлт эрс өсчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

-Халдварын тухай кино үзэх тохиол ихэссэнийг онлайн кинотеатрууд бүртгэжээ-

Ашиг орлогод төдийлөн сайн нөлөөлдөггүй ч гэсэн уран зохиолын бус, харин эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлийн ном, киноны эрэлт эрс өссөнийг жижиглэнгээр ном борлуулдаг оросын худалдаачид тэмдэглэсэн тухай “Коммерсантъ” сонинд бичжээ. .

“Читай-город-Буквоед” сүлжээнд “Цар тахал: Үхлийн вирусийн дэлхий дахины түүх” / “Пандемия: Всемирная история смертельных вирусов”/  болон  Вирусүүд. Аюулт дайсан гэхээс илүүтэй анд нөхөд” /“Вирусы. Скорее друзья, чем враги”/ зэрэг номын борлуулалт нэг, хоёрдугаар сард хоёр дахин нэмэгдсэн талаар тус сүлжээний ерөнхий захирал Михаил Иванцов өгүүлсэн байна.

Дээрх сэдвээр номын сонирхол өсөн нэмэгдсэнийг “Республика” сүлжээ нотолж байгаа ч үүнийг ер бусын гэж үзэхгүй байна.

“Нян, вирусийн тухай худал үнэн: бидний дотоод ертөнц хэрхэн амьдардаг вэ?” /“Мифы о микробах и вирусах: как живет наш внутренний мир”/ номын борлуулалт цахим худалдааны сүлжээ Ozon-д хоёрдугаар сарын эхнээс 195 хувиар өссөн байна. Бусад ном, зохиолыг бодвол анагаах ухаан, микробиологийн чиглэлийн шинжлэх ухааны хялбаршуулсан ном зохиолын борлуулалт онлайн худалдаачдын хувьд бүхэлдээ 1,5 дахин түргэсжээ.

“0,05. Ид шидээс үхэшгүй мөнхийн эрэл хүртэлх нотолгоот анагаах ухаан” / “0,05. Доказательная медицина от магии до поисков бессмертия”/ номыг сарын дотор 5,5 дахин олон удаа уншсаныг цахим номын үйлчилгээний Bookmate – ийн ерөнхий захирал Андрей Баев онцолжээ. “Дархлаа. Ажил хэрэг ямар байна даа?” / “Иммунитет. Как у тебя дела?”/ номын болон энэ сэдвээрх уран зохиолын урьдчилсан захиалгын тоо их, сонирхол өндөр хэвээр байгааг “ЛитРес” сүлжээнийхэн онцолжээ.

“ЛитРес” сүлжээнд Альбер Камюгийн “Тахал” номын 2020 оны нэг, хоёрдугаар сарын борлуулалт 2019 оны мөн үетэй харьцуулахад 87 хувь өссөн бол Габриэль Гарсиа Маркесын  “Тахлын үеийн хайр дурлал” /“Любовь во время чумы”/ ном 64 хувиар өсжээ. Италид дэгдэлт эхэлснээс хойш “Тахал” номын бестселлерийн чансаа 71-ээс  гуравдугаар байр руу огцом дээшилсэн тухай La Repubblica сонин урьд нь мэдээлсэн байна.

Эрэлт өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан Оросын хэвлэлийн газрууд вирусийн тухай шинэ ном зохиол хэвлэн гаргаж байна. Хоёрдугаар сард “Эксмо” хэвлэлийн газар Игорь Прокопенкогийн  “Титэмт вирус. Алуурчин вирус” /“Коронавирус. Вирус-убийца”/ номыг хэвлэж “ЛитРес” сүлжээнд нийлүүлжээ. Энэ номыг цаасаар 10 000 ширхэг, дараа нь нэмэлт засвар оруулсан хэвлэл, түүний дараа сонсдог (аудио ном) ном хэлбэрээр гаргахаар төлөвлөж байгаа ажээ.

Гэнэтийн иймэрхүү сонирхол жижиглэн борлуулагч хийгээд онлайн үйлчилгээнийхний санхүүгийн үзүүлэлтэд бараг нөлөөлдөггүй, цаг зуурын мэдээлэл хааяа эрэлтэд ингэж нөлөөлж л байдаг хэмээн компаниудын төлөөлөгчид өгүүлж байна. “Ер нь нөхцөл байдлаас хамаарч ном унших явдал ихэсдэг тал бий” хэмээн Андрей Баев онцлов. “Эксмо” хэвлэлийн газрын төлөөлөгчийн хэлснээр 2019 оны хавар Парисын Дарь эхийн сүмд гал түймэр гарсаны дараа Виктор Гюгогийн романы эрэлт хэдэн арав дахин өссөн аж.

Хоёрдугаар сараас  \“Пусан хүрэх галт тэрэг” /“Поезд в Пусан”/, “Халдвар” /“Эпидемия” /,  “Халдлага” /“Вторжение”/ зэрэг киног үзэх явдал нэмэгдэж байгааг нэгэн онлайн кинотеатрын төлөөлөгч мэдээлэв. Хоёрдугаар сард вирусын тухай, түүний дотор “28 хоногийн дараа”/ “28 дней спустя” /,  “Халдвар” /“Эпидемия”/ киног үзэх сонирхол 32 хувиар өсч, оргил дээд цэгт хүрснийг “Megogo Россия” компанийн ерөнхий захирал Виктор Чеканов дурдсан байна.

Д.ЭНХЭЭ

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.