Цучи Икикаэру бол үхрийн шээсээр хийсэн байгаль орчинд ээлтэй бордоо ажээ. Уг бордоог Японы органик бүтээгдэхүүн үйлдвэрдэгч биотехнологийн Канкё Дайзен компани 2012 оноос хойш үйлдвэрлэж орон нутгийн газар тариалан эрхлэгчдэд борлуулж байсан бол өнөөдөр зүүн өмнөд Азийн таван оронд албан ёсоор нийлүүлж байна.
Үхрийн шээсээр хийсэн шингэн бордооны Цучи Икикаэру гэдэг нэр нь “хөрсний шим тэжээлээр амьдрал бий болгох” гэсэн утгатай ажээ. Хөрснийхөө үржил шимийг алдсан орнуудын тоонд багтдаг Вьетнам, Камбож улсууд уг шингэн бордоог ашиглаж байна.
Канкё Дайзен компани нь Японы Хоккайдагийн сүү, цагаан идээний фермерүүдээс үхрийн шээсээ цуглуулж бордоо хийж эхэлжээ. Үхрийн шээс ихэвчлэн гол мөрний усанд урсах, фермийн газруудад хөрсөнд шингэх зэргээр ундны усыг бохирдуулах, эхүүн үнэр ханхлуулдаг. Тэгвэл Канкё Дайзен компани эвгүй үнэр гаргаж, гол усыг бохирдуулагч үхрийн шээсийг фермерийн аж ахуй эрхлэгчдэд нэн хэрэгцээтэй, хөрсийг сэргээн үржил шимтэй болгох бордоо болгон хувиргажээ.
Тус компани бордооноос гадна органик үнэр дарагч үйлдвэрлэдэг ба сүүлийн нэг жилийн хугацаанд нийт борлуулалтаа 11 хувиар өсгөж 230 сая иенд хүргэсэн байна. Мөн Азийн бусад улс орнуудад экспортолсноор нийт ашгаа 10 хувиар нэмэгдүүлжээ.
Үр тариа, будаа, хүнсний ногоо, цэцэгт ургамал тарихдаа усаар шингэлэн ашиглах боломжтой үхрийн шээснээс гаргаж авсан бордоог Малайз, Филиппин улсуудад нийлүүлэхээр төлөвлөсөн ба цаашлаад Латин Америкийн Бразил улсын газар тариаланг судалж байна.
Эх сурвалж: Nikkei Asian Review