Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд “Оросын төмөр зам” компани Хятадын чиглэлийн зорчигч тээврийн бүх үйлчилгээгээ өнөөдрөөс /2020.02.03/ эхлэн зогсоож байгаагаа мэдэгджээ.
Үүнд хоёр улсын нийслэлийг шууд холбодог Бээжин-Москвагийн галт тэрэгний үйлчилгээ багтсанаас гадна Монгол улсын нутгаар дамжин төмөр замаар зорчин ОХУ-д ирэх Хятадын иргэдийг хүлээж авахгүй болсноо зарласан байна.
Түүнчлэн Москва хотын Шереметъевогийн олон улсын нисэх буудлын “F” терминалд Хятадаас ирэх зорчигч тээврийн нисэх онгоцнуудыг хүлээж авахгүй болсон билээ.
Одоо Хятадын чиглэлд зөвхөн Оросын Аэрофлот компани Бээжин, Шанхай, Гуанжоу, Хонг Конг гэсэн дөрвөн хот руу нислэг үйлдэж байгаа бөгөөд бусад бүх нислэгээ зогсоогоод байна.
Шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор УБТЗ ХНН-ээс 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл Бээжин-Улаанбаатар, Хөх хот-Улаанбаатар, Эрээн-Улаанбаатар чиглэлд зорчигчийн галт тэргээр Монгол Улсад ирж буй монгол иргэдийг саадгүй тээвэрлэнэ.
Харин Улаанбаатар-Бээжин, Улаанбаатар-Хөх хот, Улаанбаатар-Эрээн чиглэлд зорчигчийн галт тэргээр Монгол Улсын иргэдийг тээвэрлэх боломжгүй болсон.
Мөн Бээжин-Улаанбаатар, Хөх хот-Улаанбаатар, Эрээн-Улаанбаатар чиглэлд зорчигчийн галт тэргээр БНХАУ-ын иргэд болон тус улсаас ирж буй гадаад иргэдийг тээвэрлэхгүй ба Монгол Улсад нэвтрүүлэхгүй болсныг мэдэгдэж байна.
Олон улсад зорчих галт тэрэгний тасалбарыг гуравдугаар сарын 2-ныг хүртэл онлайнаар худалдахгүй.
Дээрх өдрүүдэд Бээжин, Жинин, Хөх хот, Эрээн хот руу зорчих тасалбар худалдан авсан иргэдийн тасалбарыг шимтгэл хураамжгүй цуцлах буюу өдөр сольж өгнө.
Орон нутгийн бүх чиглэлд зорчигчийн галт тэрэг цагийн хуваарийн дагуу хэвийн аялж байна гэж УБТЗ ХНН-ээс мэдээлсэн юм.