Дэлхийн 99 улсад шинэ Коронавирусийн халдвар бүртгэгдсэн тухай өчигдөр мэдээлэлж байсан бол өнөөдөр 105 улс болж өссөн байна. 24 цагийн дотор 6 оронд өвчлөл нэмэгдсэн байна.
Сүүлийн 14 хоногийн тархалтын байдлыг харахад 60 гаруй хувь нь өвчлөл гарсан оронд аялсан өгүүлэмжтэй байна. Вьетнам улсад 18 дахь тохиолдол бүртгэгдсэн. 18 дахь тохиолдол нь нэг онгоцонд өвчтэй хүнтэй явсан 30 хүн нэгэн зэрэг вирусийн халдвар авсан байна. Тиймээс өвчлөл гарсан улс оронд аялахгүй байхыг уриалж байна.
ДЭМБ-ийн ажилтан О.Ариунтуяа:
-Халдварын тархалт өнгөрсөн 24 цагт 1000 гаруйгаар нэмэгдсэн хоёр улс байгаа нь Иран, Итали. Иран улсад 1 076 гаруй хүнд халдварласан бол Итали улсад 1 247 тохиолдол бүртгэгдэж нийт 366 хүн нас барсан, хэд хэдэн хотод 16 сая хүнийг хамарсан хөл хорио тогтоолоо. Солонгост халдварын тохиолдол буурч байна. 360 тохиолдол шинээр бүртгэгдэж, 19 мянган хүн шинжилгээнийхээ хариуг хүлээж байна.
ДЭМБ-аас коронавирусийн халдварын тархалтаар нь үе шатад хувааж үзэж байна. Үүнд:
-Тохиолдол бүртгэгдээгүй
-Нэг буюу түүнээс дээш импортлогдсон
-Дэгдэлт голомтлон тархаж байгаа
-Өргөн цар хүрээний тархалттай гэсэн 4 үе шатад хувааж, үе шат бүхэнд тохирсон зөвлөмжийг улс орнуудад өгч буйг Монгол Улс мөрдөж байна.
АНУ-д 1 114 хүнийг хөлөг онгоцон дээр 14 хоног тусгаарлаж байна. Улс орнууд гадаадад зорчоод ирсэн хүмүүсийг тусгаарлах байр, эсвэл гэрт нь 14 хоног тусгаарлах арга хэмжээ авч буй юм. Тухайлбал, ОХУ-д гадаадад аялаад ирсэн иргэн гэртээ 14 хоног тусгаарлахыг зөвлөж байгаа. Уг тусгаарлалтыг зөрчсөн бол тухайн иргэнийг 5 хүртэлх жилээр шийтгэхээр болсон.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:
-Тусгаарлах байранд 511 хүн хянагдаж байна. Нийт 914 хүнийг тусгаарласан. Өнөө өглөө Нурсултан УБ-ын онгоцоор 22 иргэн ирсэн, тусгаарлагдсан хүн байхгүй. Берлин-Москва-УБ-ын онгоцоор 82 иргэн ирснээс Японоос ирсэн хоёр иргэнийг тусгаарлалаа.
Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 96 зорчигчоос 6 иргэнийг ХӨСҮТ шинжилгээ хийж, тусгаарлахаар болсон.
ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:
-Япон, Солонгост манай иргэд эх орондоо буцах хүсэлтээ гаргаж байна. Солонгосын ЭСЯ-д 120 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Бид хүсэлтийг УОК-т хүргүүлсэн.
3000 гаруй иргэн гуравдугаар сарын сүүлчээр Монголд зорчих билетээ бичүүлжээ. Хятад, Япон, Солонгос, Итали, Иран улсаас зорчигч хүлээн авахгүй. Монгол Улсын иргэн бол 14 хоног өөрийн зардлаар тусгаарлагдах журам мөрдөгдөж байна. Өнөөдөр тусгаарлах байрны хүрэлцээ хангалтгүй байна. Ирсэн иргэд тусгаарлах байрны журам зөрчих, төлбөрөө төлөхгүй хүндрэл учруулж байгаа. Япон, Солонгосоос ирэх иргэд Москва, Берлиний чиглэлийн нислэгээр ирэх боломжтой, ирээд өөрийн зардлаар 14 хоног тусгаарлагдана гэдгийг хатуу анхаарах хэрэгтэй.
Дэлхий даяар манай улсын 190 гаруй мянган иргэн амьдарч байна. Бид дээрх иргэдийн аюулгүй байдалд анхаарч зөвлөмж өгч байгаа ч иргэд өөрсдийн аюулгүй байдлаа хангаж ажиллаж, амьдрах хэрэгтэй.