СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-03-09

Г.Занданшатарын гэнэтийн бэлэг

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Жинхэнэ ЖДҮ эрхлэгчдэд очоогүй ЖДҮХС-гийн зээлийн хүүг чөлөөлнө гэв үү

Энэ удаагийн парламентын гишүүдийн булай, бусармаг үйлдэл дуусаж дундрахгүй нь. Тэдний сувдаг шунахай байдал, заль мэх хэрээс хэтэрч, эрх ашгийн эрэмбэ алдагдсан цаг хугацааг бид нийгмээрээ туулж байна. Ганцхан жишээ татахад, 2016-2018 онд УИХ-ын нэр бүхий гишүүн, сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, агентлаг, газрын дарга нар  ЖДҮХС-гийн мөнгийг өөрсдийн ах, дүү, хамаатан садныхаа хамаарал бүхий компанид өгч, төрийн мөнгийг “ёолдоггүй” хэмээн санаж, баруун, солгойгүй цацаж суусан бол одоо тэрхүү зээлийнхээ хүүг дэлхий нийтэд тархсан коронавирусийн дэгдэлтийг далимдуулан тэглүүлэх шийдвэр гаргуулж сууна.

Хурга байхдаа цадаагүй бол төлөг болоод майлна гэгчээр улс төрийн өндөр албан тушаалд гарсан дөрвөн жилийн хугацаанд төрөөс авч болох бүхий л хөнгөлөлт, зээл, тусламжаас хувь хүртэж, цөлмөж, хоосолж, хошуу, гар хоёроо дүрж суугаа төрийн түшээд, эрх ямбатнууд эмгэнэлтэй бас ой гутмаар юм. 

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчинд үзүүлж буй нөлөө, эрсдэл, цаашид авах арга хэмжээний талаар УИХ-ын холбогдох Байнгын хороо, Засгийн газрын байгууллагуудын мэдээллийг сонсох үеэрээ шинэ коронавирусийн халдварын дэгдэлттэй холбоотой жижиг, дунд бизнес эрхлэгчийг зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөх талаар ойрын хугацаанд арга хэмжээ авахыг холбогдох албаныханд даалгасан юм. Тэгвэл уг зээлийг хариуцдаг

ЖДҮХС-г зорилтот бүлгийг санхүүжүүлэх зорилгоор ХХААХҮ-ийн түшиглэн байгуулсан газар. Гэтэл энэ зээл жинхэнэ ЖДҮ эрхлэгчдэд хүрдэггүй, тэд бизнесээ босгох гэж жилийн гурван хувийн хүүтэй уг сангийн зээлээр бус арилжааны банкнаас жилийн 18-24 хувийн хүүтэй мөнгө зээлж бор зүрхээрээ зүтгэдэг, хөдөлмөрлөдөг. Баримт дурдахад, ЖДҮХС-гаас зээл авахаар 2018 онд 1544 иргэн, аж ахуйн нэгж хүсэлт гаргаснаас 216-д нь зээл олгосон байдаг. Үүний дунд төрийн албан тушаалтан өөрийн хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан авсан зээл цөөнгүй байгааг АТГ шалгаж буй ч тодорхой шийдвэр гараагүй байгаа. Энэ сангаас зээл олгох нэг удаагийн сонгон шалгаруулалтад ойролцоогоор 1600 гаруй төсөл ирдэг байна. Эдгээрээс 130 орчимд нь буюу нийт зээл хүсэгч жижиг, дунд бизнес эрхлэгчдийн дөнгөж найман хувьд нь л босго давж, зээл авсан баримт ч байна. Энэ 130 аж ахуйн нэгжийн 112 нь төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий компани байгаа тухай мэдээлэл ч бий. 

УИХ-ЫН ДАРГЫН ХАМААРАЛ БҮХИЙ КОМПАНИ ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ АВСАН УУ

Ердөө хэдхэн хоногийн өмнө хэвлэлүүдээр ЖДҮХС-гаас зээл авахад хамгийн олон компанийг санал болгосон хүн бол тухайн үед ЗГХЭГ-ын дарга байсан, одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар гэх мэдээлэл гарав. Хэдийгээр тэрбээр энэ мэдээллийг үгүйсгэсэн ч УИХ-ын дарга зургаан компанид зээл авахад нь ил, далд хэлбэрээр нөлөөлсөн байж болзошгүйг хэвлэлүүд компанийнх нь нэртэй бичиж байсан юм. 

Эрх мэдэл, албан тушаалтай байхдаа нэг гараараа “Ингэж, тэгж болохгүй, хууль биелүүл, мөрд” хэмээн тунхаглаж нөгөө гараараа хууль бус зүйлд хутгалддаг, түүнтэй эвлэрдэг, шударга бусын дэргэдүүр нүдэн балай чихэн дүлий өнгөрдөг байж болохгүй. Хууль тогтоох байгууллагын дарга хэр нь өөрийн ажлын чиг үүрэгт хамаарахгүй асуудалд хутгалдах, эрх мэдэлдээ дулдуйдаж хэт нэг талыг барьсан явцуу мэдэгдэл хийж, байр сууриа илэрхийлэх явдал Г.Занданшатар даргын хувьд хэвийн үзэгдэл болов. Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэгчээр одоо бас ЖДҮХС-гийн зээлийн хүүг чөлөөлж, алданги тооцохгүй байхыг үүрэгдчихлээ. Мөн хэдхэн хоногийн өмнө тэрбээр “БНТУ-ын маскны үйлдвэрүүдтэй УИХ-ын даргын зөвлөхөөр ахлуулсан ажлын хэсэг уулзахаар явсан, тэндээс маск авчирч, хомсдол арилгана” гэх мэтээр Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам хариуцах ажилд хутгалдан хэт дөвийлгөн ярьж байв. 

Харин одоо МҮХАҮТ-ын зүгээс гаргасан саналд тусгагдсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашгийн тодорхой хувийг жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжих ваучер хэлбэрээр тараах боломжийг судална. Энэ нь эдийн засгаа дэмжиж байгаа нэг арга юм хэмээн мэдэгдээд байна. Удахгүй УИХ-ын ээлжит сонгууль болно.

онгуульд зориулж ард түмэнд таалагдах гэсэн арга саам улстөрчид, улс төрийн намуудаас гарч, зарим нь “бай”-гаа онохгүй амьтны элэг доог болж байхад нөгөө хэсэг нь ард түмний уур ундуйцлыг төрүүлж байна. УИХ-ын дарга ч энэ давлагаанд нэгдэж, олон нийтийн дургүйцлыг төрүүлэх мэдээлэл, мэдэгдэл хийх болсон. Лав л түмэн олонд хэрэгтэй, сонорыг мялааж, мэлмийг баясгасан таатай мэдэгдэл хийгээгүй учраас уур ундуйцлыг төрүүлэх давлагаанд нэгджээ гэж ойлгож сууна. 

Уг нь хууль тогтоох байгууллагын даргад амин хувийн эрх ашгаа хойш тавьж, хэлэлцэн баталж байгаа хуулиудаа чамбай гаргах, амьдралд нийцэж буй эсэхэд “хяналт” тавих гээд тоймгүй олон ажил бий. Тэгж байж, ард түмний амьдралд ойр хууль, тогтоол баталж, тэр нь олон жил хэрэглэгдэж, он цагтаа хариуцсан ажлаа хамгийн сайн, голтой хийсэн хүн болж үлдэх учиртайг Г.Занданшатар даргад уламжилмаар байна. Зөвлөж, туслаж байгаа хүмүүс нь “Манай дарга сайн” гэж магтсаар орчноос, амьдралаас холдуулчихсан юм биш биз дээ..  

С.Батзаяа

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.