Саудын Арабын хааны гэр бүлийн нэр нөлөө бүхий гурван гишүүнийг баривчлан саатуулжээ. Тэдний дунд хааны төрсөн дүү багтсан байна. Баривчилгааны талаар мэдээлсэн ч чухам ямар шалтгаанаар цагдан хорих болсныг тайлбарлаагүй гэж Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичжээ.
Уг баривчилгааг Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүү Мохаммед бин Салманыг зохион байгуулсан гэж хэвлэлүүдэд мэдээлжээ. Ханхүү 2016 онд угсаа залгамжлагчаар нэрлэгдсэний дараахан 2017 онд түүний тушаалаар Саудын хааны удмын гэр бүлийн олон арван гишүүн, сайд нар, бизнес эрхлэгчийг баривчлан саатуулсан үйл явдал болсон юм.
New York Times, Wall Street Journal сонингуудад нийтэлснээр баасан гарагийн өглөө хааны бага дүү ханхүү Ахмед бин Абдулазиз, угсаа залгамжлагчаар нэрлэгдэж байсан ханхүү Мохаммед бин Наеф, мөн хааны үеэл ханхүү Наваф бин Наеф нарыг баривчилжээ.
Мохаммед бин Наеф нь Саудын Арабын Дотоод хэргийн сайдаар ажиллаж байгаад 2017 онд огцорч Мохаммед бин Салманы тушаалаар гэрийн хорионд орсон байжээ. Нүүрэндээ баг зүүсэн хар өнгийн хувцастай тусгай үүргийн цэргүүд баривчлагдсан хааны удмын гишүүдийн гэрт нэгжлэг хийсэн гэжээ.
Угсаа залгамжлагч ханхүү Мохаммед бин Салман улс орны эдийн засаг, нийгмийг өөрчилж барууны өндөр хөгжилтэй орнуудын жишигт хүргэхээ амласнаар олон улсын тавцанд нэр хүнд нь өссөн ч өнгөрсөн гурван жилийн хугацаанд хэд хэдэн удаа хэл аманд өртөж байна. Тухайлбал 2018 онд бусдад алуулсан сэтгүүлч Жамал Кашоггийн үхэлд түүнийг буруутгаж байсан юм.
Эх сурвалж: BBC