БНСУ-д өнөөдрийн мэдээллээр Ковид-19 коронавирусийн халдварын тохиолдол 6,593 болон нэмэгдэж, 43 хүн нас баржээ. Тус улсын Тэгу хотод үйл ажиллагаа явуулдаг христийн шашны Шинчёнжи сүм халдварын голомт болоод байгаа юм. Шинчёнжи сүмийн шашны 10 удирдагчаас коронавирусийн халдвар илэрснийг Ёнхап мэдээллийн агентлаг дамжуулжээ.
Азийн улс орнуудад коронавирусийн халдвар тархсанаас эдийн засаг, хөрөнгийн биржийн үзүүлэлт буурсныг мэдээлж байна. Японы Никкей индекс 2,7 хувиар буурсан дүнтэй хөрөнгийн бирж хаагдлаа. Японы банк хүнд хэцүү цагт зах зээлийг дэмжихийн тулд хөндлөнгөөс тусламж, дэмжлэг үзүүлэхгүй байгаад хөрөнгө оруулагчид сэтгэл дундуур байна.
Энэ хооронд Хонконгийн Хан Сен индекс өнөөдөр 2,3 хувиар буурсан дүнтэй хөрөнгийн биржийн үйл ажиллагаа үргэлжилжээ. Азийн хөгжлийн банкны мэдэгдлээр шинэ төрлийн коронавирусийн халдвар Ази тивийн хөгжиж буй орнуудын эдийн засасгт хүнд нөлөө үзүүлж байна. Нэн ялангуяа аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаанд багагүй бэрхшээл учруулж байгаа ажээ.
Шинжээчдийн таамаглаж байгаагаар дэлхийн эдийн засагт 77 тэрбум ам.долларын гарз учирна гэж урьдчилан дүгнэж байсан ч 347 тэрбум болж нэмэгдээд байна. Мөн дэлхийн хэмжээнд ДНБ дунджаар 0,4 хувиар буурах таамаг байна.
Эх сурвалж: ВВС