Итали улсаас Шинэ Зеландад ирсэн 30 орчим насны эрэгтэй коронавирусийн халдвар тээгч болохыг өнөөдөр мэдэгджээ. Уг эрэгтэй нь коронавирусээр халдварласан эмэгтэйн хамтрагч бөгөөд халдвар туссан гэдгээ мэдэхээс өмнө буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр Оклэндийн Спарк аренад болсон Tool рок хамтлагийн тоглолтод оролцсон нь эрх баригчдыг түгшээж байна.
Тэрээр Шинэ Зеландад илэрсэн коронавирусийн халдварын дөрөв дэх тохиолдол болж байна. Эрх баригчид халдвар тээгчийн ойр орчимд байсан хүмүүст Ковид-19 вирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн эсэхийг мэдэгдэхийг хүсчээ.
Эрэгтэйг лхагва гарагаас хойш гэрт нь тусгаарласан ба тоглолтод хамт оролцсон хүмүүс халдвар авсан байх эрсдэл бага гэж үзэж байна. Хэдийгээр Шинэ Зеландад халдварын 60 тохиолдол илэрсэн Австрали улстай харьцуулахад харьцангуй бага тохиолдол илэрсэн ч эрх баригчид Хятад, Иранаас ирж буй нислэг, аяллуудад тавьсан хоригоо сунгажээ.
Эх сурвалж: The Guardian