ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболдыг өнөөдрөөс эхлэн нэг сарын турш цагдан хорих шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр гаргажээ.
Тэрбээр бэл бэнчинтэй, төрийн өндөр албан тушаал хашиж байсан ч өдгөө ял эдэлж буй хүмүүстэй уулзан, эрүүл мэндийн бичиг гаргаж өгөх, эмнэлэгт хэвтүүлэх хуурамч бичиг баримт бүрдүүлэх зэргээр тусламж, дэмжлэг үзүүлэн, үүнийхээ төлөө мөнгө авдаг байсан гэх хэргээр баривчилж хорьсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Х.Ариунболд нь ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны даргаар 2017 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр томилогдож байсан бөгөөд түүний жилийн орлого нь 17.2 сая төгрөг, гэр бүлийнх нь хүний орлого 9.4 сая төгрөг байдаг хэмээн тэрбээр АТГ-т ХОМ-ээ гаргадаг байжээ.
Гэвч Х.Ариунболд нь 270 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр ширхэг орон сууц, нэг зуслангийн байшин, 60 саяар үнэлсэн Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашин, 15 сая төгрөгийн үнэ хүрэх мал, 26 сая төгрөгийн хадгаламж, 40 сая төгрөгийн зээлтэй хэмээн хамгийн сүүлд ХОМ-ээ гаргаж байжээ.