АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп орон нутгийн цагаар лхагва гарагийн орой телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр коронавирусийн халдварын тархалтын талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өгч буй баримт мэдээллийг худал гэж бодож буйгаа илэрхийлжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Ковид-19 коронавирусээр халдварлагсдын 3,4 хувь нь нас барж байна хэмээн мэдээлж байгаа. Гэвч энэ нь жинхэнэ бодит тоо баримт биш гэж бодож байна гэдгээ Трамп хэлжээ.
Түүнчлэн энэ бол зөвхөн АНУ-ын Ерөнхийлөгчийн хувийн үзэл, зөн, таамаг болохыг онцолж, олон хүнтэй хийсэн яриа сонссон зүйл дээр тулгуурлан ийнхүү бодож буйгаа дурдсан байна. Мөн хөнгөн хэлбэрээр туссан олон хүн эмчид үзүүлэлгүй эдгэж байж ч болох гэжээ. Трампын үзэж байгаагаар халдварлагсдын 3-4 хувь биш, үүнээс бага буюу ердөө нэг эсвэл түүнээс бага хувь нь л үхэлтэй нүүр тулж байгаа аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эхэндээ коронавирусээр халдварлагсдын хоёр хувь нь нас барж байгааг мэдээлсэн ч энэ долоо хоногт нас барагсдын эзлэх хувьд 3-4 болж нэмэгдсэн хэмээн илтгэлдээ дурджээ.
Эх сурвалж: The Guardian