ЭМЯ-наас өдөр бүр коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байгаа.
ДЭМБ-ын төлөөлөл манай улсад эмнэлгээс шалтгаалсан халдваргүйжилтийн талаар, эрчимт эмчилгээний нөхцөл байдлын талаар эмч, эмнэлгийн ажилтан нарт зөвлөн туслах үйлчилгээ хийлээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица:
Ковид-19 халдвар дэлхийн 86 орныг хамарлаа. Үүнээс БНХАУ-аас гадна БНСУ, Европ, Ойрхи Дорнодын гурван оронд эрчимтэй тархаж байна. БНХАУ-ын хувьд нас баралт, шинэ тохиолдлын тоо өдрөөс өдөрт багасаж байна.
Өвчлөлийн ерөнхий байдлаас харахад халдварыг хязгаарлан таслан зогсоох боломжтой хэд хэдэн жишээг хэд хэдэн улсууд хэрэгжүүлж байна. БНСУ-ын хувьд халдварын шинэ голомт бүртгэгдээгүй. Харин халдвар бүртгэгдсэн газарт шинэ тохиолдол нэмэгдэж байгаа нь халдварыг хязгаарлаж байгааг илтгэж байна.
ДЭМБ-ын харьяа Герман улсын яаралтай тусламжийн эмч мэргэжилтнүүд Ковид-19 үеийн эмч, эмнэлгийн байгууллагууд хэрхэн ажиллах талаар Монгол Улсад өнгөрсөн долоо хоногт ажиллаа. Халдварт өвчний үед эмнэлгийн халдвараас сэргийлэх, хүндэрсэн өвчтөнүүдэд хэрхэн эмчилгээ хийх талаар сургалт хийжээ.
ДЭМБ-ын зөвлөх: Улаанбаатар хотын томоохон эмнэлгүүдтэй очиж танилцлаа. Эмнэлгийн байгууллагууд халдвар гарсан тохиолдолд нарийн зохион байгуулалттай ажиллах бэлтгэлийг сайн хангасан байгааг харлаа. Ковид-19 халдвараар өвчлөгчдийн 80 хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа тул дээрх иргэдэд ямар тусламж үйлчилгээ үзүүлэх талаар зөвлөсөн.
Түүнчлэн хувийн хамгаалах хэрэгслийн хувцсыг эмнэлгийн ажилтнууд хэрхэн зөв өмсөж, тайлах талаар үзүүлэх сургалт хийсэн. Халдвар бүртгэгдлээ гэхэд өвчтэй болон өвчгүй иргэд эмнэлгийн байгууллагад хандах болно. Энэ үед хэрхэн ажиллах, халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийх талаар эмнэлгийн байгууллагуудад танилцуулсан. Өвчтэй хүнтэй харьцах эмч, эмнэлгийн ажилтанг N95 маск зүүхийг ДЭМБ-аас зөвлөж байгаа бусад үед энгийн маск зүүж болно.
Ингээд Монгол Улсын иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.
-Ханиалгах, найтаах үедээ амны хаалт, амны алчуур хэрэглэх
-Олон нийтийн газраар зорчихгүй байх
-Ханиалгаж байгаа хүнээс 1.5 метр хүртэл зай барих
-Гарын ариун цэврийг сайтар сахих
-Эргэн тойрондох орчныг төгс ариутгах боломжгүй тул хувийн ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй.
Өнөө өглөө Берлин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 17 хүнийг тусгаарласан. ХӨСҮТ-д таван иргэнийг 12 иргэнийг Багабаян амралтад тусгаарлахаар авч явсан.
Манай улсын хувьд гадаадаас ирж байгаа иргэдийг ямар нэгэн байдлаар буцаасан зүйл байхгүй. Харин дээрх иргэдийг 14 хоног гэртээ өөр өөрийгөөө тусгаарлахыг зөвлөж байгаа. Сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлан ажиглаж байна. Өнөөдрийн байдлаар манай улсад шинэ коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй байна хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр дурдлаа.