Өнгөрсөн шөнийн байдлаар найман хорооны найман иргэн хордсон гэх дуудлага ирсэн. Дээрх иргэдийн хувьд хөнгөн хэлбэрээр хордсон бөгөөд тусламж үйлчилгээ үзүүлсэн. Нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 3-ныг хүртэл нийт хүүхэд 18, насанд хүрсэн 16 хүн хөнгөн хэлбэрээр хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан.
Баянзүрх дүүргийн нэгэн айлын утаа мэдрэгч шөнийн 02:00 цагт дуугарах үед гэртээ агаар сэлгэлт хийгээд мэдрэгчээ унтраасан байна. Ингээд 07:00 цагийн үед сэрэхэд 5 настай охин нь бөөлжиж, эхнэр нь толгой эргэсэн. Ингээд гурван хүүхдээ ЭХЭМҮТ хүргэж тусламж үйлчилгээ авсан байгаа. Иргэдэд анхааруулж хэлэхэд утаа мэдрэгчийг унтраах хэрэггүй.
Агаар сэлгэлтээ хийгээд утаа гарч байгаа газраа хянаж шалгах ёстой болохоос биш угаар мэдрэгчээ унтрааснаар угаарын хийнд хордох эрсдэлтэй.
Түүхий нүүрс борлуулах ажил зогсохгүй байна. Өнгөрсөн бямба гарагт Өмнөговь аймгаас 38 настай залуу 10 хэдэн тонн нүүрс тээвэрлэн орж ирэх гэж байсныг илрүүлсэн. Тэрбээр доод талд нь нүүрсээ хийгээд дээр нь элсээр хучсан байсан. Ингээд нүүрсийг хурааж Амгалан дулааны станцад хүргэж, цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байна. Тухайн иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 50 мянган төгрөгөөр торгосон.