Коронавирусийн генетикийн дараалалд үндэслэн АНУ-ын “Inovio Pharmaceuticals” компани уг вирусийн эсрэг вакцин гаргаж авчээ. Компанийн зүгээс вакциныг ирэх дөрөвдүгээр сараас эхний ээлжинд 30-50 хүнд туршихаар төлөвлөж байгаа талаараа мэдээлсэн байна. Үүнээс өмнө “Inovio Pharmaceuticals”-ын эрдэмтдийн баг коронавирусийн эсрэг вакциныг ирэх зургадугаар сараас туршина гэж мэдэгдэж байсан юм.
Өмнө нь Зика, MERS, Эболагийн вакциныг гарган авч байсан тус компани коронавирусийн эсрэг вакцин гарган авах ажилд зориулан төр, хувийн хэвшлийн олон улсын түншлэлийн Эпидемиологийн бэлэн байдлын шинэчлэлийн эвсэл нийгэмлэгээс есөн сая ам.долларын санхүүжилт авсан аж. Үүнээс гадна коронавирус дэлхийн олон оронд хурдацтайгаар тархаж байгаатай холбоотойгоор тархалт нь хэзээнээс намжих вэ гэдэг асуулт хүн бүрийн анхаарлыг татаж байна. Үүнтэй холбоотойгоор зарим судлаач вирусийн дэгдэлт цаг агаар дулаарахаар намжина гэсэн таамаг дэвшүүлээд байгаа юм.
Индонезид одоогоор вирусийн халдвар авсан хүн бүртгэгдээгүй бөгөөд үүнийг тус улсын эрүүл мэндийн салбарынхан цаг агаарын байдалтай холбон тайлбарлаж байна. Гэхдээ ямар ч төрлийн вирус өвөл, хаврын улиралд дэгдэлт нь эрчимждэг бөгөөд хамгийн идэвхтэй үе нь арванхоёроос хоёрдугаар сарын хооронд байдаг аж. Коронавирус бусад төрлийн томуугийн нэгэн адилаар агаар дуслын замаар халддаг нь тогтоогдсон. Харин дулааны улиралд томуугийн төрлийн вирусийн тархалт удааширдаг байна. Пенсильванийн их сургуулийн Халдварт өвчин судлалын төвийн тэргүүн Элизабет МакГроу “Вирус чийглэг агаарт удаан тэсдэггүй. Дулааны хэм нэмэгдэх тусам улам тэсвэргүй болдог” гэдгийг онцолжээ. Гэхдээ зарим судлаач 90 орчим мянган хүн халдварлаад байгаа уг вирусийн тархалт дулаарахаар намжина гэдэгт итгэлтэй бус байна.
https://time.com/5790880/coronavirus-warm-weather-summer/