СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Коронавирус тархсан улс орнуудаас суралцах зүйлс

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлчээр БНХАУ-ын Ухань хотод анхлан илэрсэн Ковид-19 коронавирусийн халдвар дэлхийн 80 гаруй улсад тархаж дэлхий нийтийг айдаст автуулаад байгаа билээ. Тус вирусээр 95,000 хүн халдварлаж, 3,000 гаруй хүн нас бараад байна. Дэлхийн өнцөг булан бүрт вирусийн тохиолдол илрээд байгаа ч халдвар анхлан тархсан Азийн улс орнуудад иргэд хэрхэн амьдарч буйг, вирусийн тархалт тэдэнд сайн ба муу талаараа хэрхэн нөлөөлж буйг, тэднээс юуг суралцах вэ гэдгийг CNN онцолжээ.

Олон нийтэд ил тод хандах

Засгийн газрын ил тод байдал, олон нийтийг бүрэн мэдээллээр хангах нь нийгмийн эрүүл мэндийн байдал эрсдэлд орсон, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай үед хуурамч мэдээллээр иргэдийг цочролд оруулахаас хамгаалж олон нийтэд үнэн зөв мэдээллийг хүргэх болно.

Бусдаас зай барих

Ковид-19 коронавирусийн халдвар бие махбодиор ойрхон хүрэлцсэнээс тархдаг гэж үзсэн тул Засгийн газруудаас авч хэрэгжүүлсэн чухал арга хэмжээнүүдийн нэг нь иргэдийг нийгмээс тусгаарлах байсан юм. Энэ нь өөр хоорондоо, бусад хүмүүсээс зай барьж хэт ойртож болохгүй гэсэн үг.

Тоглоомын түрүүнд бай

Вирусын халдвар хэт өргөн хүрээнд тархахаас урьтаж эрх баригчид урьдчилан сэргийлэх бэлэн байдалд байх хэрэгтэй. Энэ жилийн нэгдүгээр сараас хойш вирусын халдвар Ази даяар тархсан нь тодорхой болж, улс орнууд тусгаарлах төв, эрүүл мэндийн судалгааны газар, эмнэлгийн тоног төхөөрөмж хангамжаа бэлдэж эхэлсэн.

Эрт шинжилгээ хийлгэж, оношлуулах

Халдварын тархалтыг хурдацтай нэмэгдүүлэхгүйн тулд эрт үеийн оношилгоо, шинжилгээг сайжруулах шаардлагатайг улс орнууд харсан. Эрт шинжилгээ өгч, оношлуулаагүйгээс халдвар хэрхэн хурдацтай тархсан эмгэнэлтэй жишээг Өмнөд Солонгос улс харуулсан билээ.

Эрүүл ахуйг чандлан сахих

Гараа тогтмол савантай усаар багадаа 20 секундын турш хөөсрүүлж угаах, ам хамраа таглах, ханиаж найтаасан үедээ амаа дарах, бохир гараар нүд, амандаа хүрэхгүй байх суртал ухуулгыг Засгийн газрууд нэн даруй хэвлэл мэдээллийн хэрэгслийн бүх сувгаар тарааж, иргэдэд ариун цэвэр сахих зөвлөгөө мэдээллийг түгээж байна.

Ажилчдад гэрээсээ ажиллах уян хатан нөхцөлийг бүрдүүлэх

Азид сая сая иргэн гэрээсээ ажлаа хийх, ажлын цагийг уян хатан болгох зэргээр удирдлага, компаниуд ажил үүргийн хуваарилалтаа зохицуулж байна. Халдварын тархалтыг намжаахын тулд ажилчдыг ажлын байрандаа ирэлгүй гэрээсээ ажиллах боломжийг тэргүүлэгч компаниуд бүрдүүлжээ.

Цочир худалдан авалт хийхгүй байх

Хонконг, Япон, Өмнөд Солонгост вирусын халдвар тархсан даруйд дэлгүүр худалдааны төвүүдэд айж балмагдсан иргэд хүнс, ариун цэврийн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийг их хэмжээгээр худалдан авч нөөцөлж лангуунууд хоосорч байсан юм. Ариун цэврийн цаас хамгийн түрүүнд дуусч байсан бөгөөд ингэх шаардлагагүй гэдгийг дээрх жишээнүүдээс харж болно.

Эцэст нь дахин хэлэхэд – бүү цочирд

Засгийн газрын эрх баригчид төдийгүй ард иргэд халдварт вирусийн тархалтад бэлэн байх ёстой. Айж балмагдан, цочиж сандрах хэрэггүй. Одоо байгаа мэдээлэл дээр үндэслэхэд нийт өвчлөгсдийн хоёр хувь нас барж байна. Өвчний шинж тэмдэг энгийн ханиад шиг илэрч байгааг эмч мэргэжилтнүүд дахин сэрэмжлүүлж байгаа юм.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.