СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-03-05

Үхсэн ч хамтдаа гэх “ҮНЭНЧ" сэтгэлтнүүд...

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Дэлхий дахиныг чичрүүлж байгаа “Ковид-19” вирус хүмүүс бидний сайн, муу бүхий л далд чанарыг ил болгож байх шиг. Ухань хотод эл вирусийн халдвар тээгч цахилгаан шатны товчлуур, орц, хаалганы бариул руу шүлсээ хаяж буй бичлэгүүд олон нийтийн сүлжээнд цацагдаж, хэсэгтээ л шуугисан. Хүн үхэлтэй нүүр тулах, тэр тусмаа вакцин нь гараагүй вирусийн тээгч болсноо мэдэх үед “ганцаараа өвдөхгүй, үхэхгүй шүү” гэсэн хүн ёсны бус хандлага гаргав. Араатан амьтдаас ухаан, ухамсар хоёроороо ялгардаг гэх ХҮН эцсийн мөчдөө чухам юу гээч нь болж хувирдаг хэрэг вэ? Аминчхан, арчаагүй, аргаа барсан, аврал эрсэн, амиа бодсон...

Өнөөдөр өглөөний мэдээгээр “титэм” гэх гоёмсог нэртэй ч үхлийн хөнөөлтэй вирусийн халдвар дэлхийн 79 улсад тархжээ. Манай улсад харин халдвар илрээгүй байна. 

Баярлах, түгшихийн завсарт мах идэж, сүү ууж, ааруул “мэрж” өссөн “супер дархлаатай” монголчууд юм аа бид гэх бадрангуй омогшил ч төрж байх шиг.

 Тэд халдвартай ч байж болно, эс бөгөөс халдваргүй ч байж болно. Ямартай ч тэд олон нийтийн дунд сул явуулаад байж болохгүй СЭЖИГТЭЙ ХҮМҮҮС. Шинжилгээний хариу гарч батлагдах хүртэл тэд СЭЖИГТЭЙ ХҮМҮҮС хэвээрээ л байх болно.

Сэжигтнүүд дотор мөнөөх ХҮН ёсноос гажигсад, аминчхан ашиг сонирхолдоо захирагдагсад мэр сэр байна. Байх байхдаа бүр марзан бас ичмээр.

Жишээ 1. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан СЭЖИГТЭН цүнхэндээ архи нууж ороод, өөрөө ууж, үлдсэнийг нь бусад “сэжигтнүүддээ шахжээ”. Баяр ёслолыг алгасдаггүй жинхэнэ монгол зангаар нийгмээс тусгаарлагдсанаа тэмдэглээгүй л байлтай.  Аль нь боловч эмч, ажилтнуудад ихээхэн чирэгдэл учрууллаа. Улс даяараа урьдчилан сэргийлж, өчнөөн ажил болж байхад хэтэрхий хэнэггүй, хайнга үйлдэл хийж суух...

Баяр ёслолыг алгасдаггүй жинхэнэ монгол зангаар нийгмээс тусгаарлагдсанаа тэмдэглээгүй л байлтай. Эсвэл сэжигтэй тохиолдол болж тусгаарлагдсандаа гуниж, гутарсан бусдынхаа сэтгэлийг архиар “засах” гэсэн гүдэсхэн, гүндүүгүй монгол зан уу.

Жишээ 2. Урд нь бид Италиар аялаад ирсэн бол дүрмийн дагуу гайхуулдаг байлаа. Ром дарс шимж, Венецийн усан гудамжаар завиар зугаалах гээд л... Хөл хорионы энэ үед харин Итали яваад ирснээ нуудаг болжээ. Сэжигтэй тохиолдол гэж саатуулагдаад байгаа иргэн Ш, Б нар бага насны хүүхэдтэйгээ Итали яваад ирснээ эмч, эмнэлгийн байгууллагаас нуун дарагдуулж, бүр ажилдаа хүртэл очоод амжжээ. Тэднийг шуурхай эрэн сурвалжилж, тусгаарласан байгаа юм. Учир нь Итали Улс коронавирусийн голомт болоод байгаа улс. Гэтэл вирусийн голомтоос ирсэн хэрнээ түүнийгээ нууж, гэр бүл, ажлын хамт олонтойгоо хүртэл уулзсан байна гэдэг мөнөөх ХҮН ёсноос гажиж буй үйлдэл яахын аргаггүй мөн биз. Муугаар бодоход тэд халдвар авсан байвал ойр дотны бүх хүмүүс нь халдвар тээгчид болж хувирна. Цаашлаад үндэстнээ аюулд оруулна гэдгийг ойлгох ухаан ГАДААД ПАСПОРТТОЙ тэр хүмүүст байсангүй гэж үү. Хорлон сүйтгэгчид гэж хэлэхэд ч болмоор санагдана.

Муугаар бодоход тэд халдвар авсан байвал ойр дотны бүх хүмүүс нь халдвар тээгчид болж хувирна. Цаашлаад үндэстнээ аюулд оруулна гэдгийг ойлгох ухаан ГАДААД ПАСПОРТТОЙ тэр хүмүүст байсангүй гэж үү.

Жишээ 3. БНСУ-ын алдарт бүтээл, цар тахлын анхны зөгнөлт кино буюу “Ханиад” УСК-г үзэгчид андахгүй. Уг кинонд халдвар авсан байж болзошгүй иргэдийг тусгаарлаж, тусгаарлагдсан иргэд бослого гаргаж, хөл хорионоос гарахын төлөө цэргийнхэнтэй дайтаж буй хэсэг гардаг. Энэ киноноос санаа авсан уу эсвэл өөрөө бодож олсон уу ямартай ч Багабаянгийн сувилалд тусгаарлагдсан Хөвсгөл аймгийн харьяат, сувилагч мэргэжилтэй Б “Тусгаарлалтаас гаръя” гэж бусдыгаа өдөөн турхирч, бослого гаргахыг оролджээ.  Улс үндэстнээ аюулт өвчнөөс хамгаалахаар өдөр шөнөгүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын нэгэн ижил тангараг өргөсөн хүн игэж “Зугтъя, тэмцье” гэж уриалж байх гэж. Хэрвээ бослого даамжирч тусгаарлалтаас гарсан, тэдэн дунд халдвартай хүн байсан бол гуравхан сая хүн амтай манай улсад вирус “өвсөнд тавьсан түймэр шиг” л хурдан тархана. Үүнийг бас л бодолцсонгүй, манай ТЭМЦЭГЧИД. Уг нь бол энэ аюултай цаг үед эв эеээ хичээж, иргэн бүр хариуцлагатай байж, нэг ч гэсэн монгол хүнийхээ амь насыг хамгаалах ёстой биш гэж үү.

 Өөрөөр хэлбэл, цаг хугацаа өнгөрөх тусам аюулт өвчин биш “Ухамсарт” гэх тодотголтой ухамсаргүй, амиа бодсон ХҮН л хамгийн том аюул аж...

Б.Цогтбаяр

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.