“Хэдэн зууны тэртээгээс нүүдэлчин малчид уламжлалт мал аж ахуйгаа эрхэлсээр ирсэн өвст ногоон тал Монголын нутаг дэвсгэрийн дөрөвний гурвыг нь эзлэн оршино. Гэвч энэ байдал хурдацтайгаар өөрчлөгдөж байна...” гэсэн өгүүлбэрээр ВВС агентлагийн сурвалжлагч Бэт Тимминс нийтлэлээ эхлүүлжээ.
Нэгэн цагт нов ногооноороо байсан бэлчээрийн тал нутгийн 70 хувь нь даац хэтэрснээс сүйджээ. Бэлчээрийг сүйтгэж буй гол эзэд нь 27 сая ямаа бөгөөд тэднийг өндөр үнэтэй ноолуурыг нь самнахын тулд малчид өсгөн үржүүлж байна.
Монгол улсад ямаанаас ч илүү олон буюу 31 сая хонь бэлчээрлэдэг боловч ямаанууд өвсний үндсийг ухаж, өвс ногоог үндэстэй нь иддэг тул дахин ургахад бэрхшээлтэй болдог. Үүгээр тогтохгүй цаг уурын өөрчлөлт бэлчээрийг устгаж буй үндсэн шалтгаан болжээ. НҮБ-ын зүгээс Монголын өвст ногоон талын дөрөвний нэг нь элсэн цөл болон хувирсныг анхааруулсан байна. Тус улсад агаарын дундаж температур өнгөрсөн 70 жилийн хугацаанд цельсийн 2 хэмээр дулаарсан нь дэлхийн бусад улс орнуудын дундаж температураас хамгийн өндөр үзүүлэлт юм.
“Намайг хүүхэд байхад өвс ногоо илүү өтгөн, өндөр ургадаг байсныг санадаг. Бас бороо их ордог байсан” гэж Дорнод аймгийн малчин Батмөнх ярьжээ.
Монголчуудын хувьд эрэлт хэрэгцээ нь улам бүр нэмэгдсээр байгаа ноолуураа худалдаж орлого олох нь хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж буй цаг үед мухардалд орж байна.
1990 онд коммунист дэглэмээс ардчилсан дэглэм рүү тайван замаар шилжин орсноос хойш Монголд ямааны тоо толгой эрчимтэй нэмэгджээ. 1999-2019 оны хооронд долоон сая байсан байсан ямааны тоо толгой дөрөв дахин нэмэгдэж 27 сая тоо толгой болсон байна. Тэдгээрийг улсын нийт хүн амын 40 хувь буюу 1,2 сая нүүдэлчин малчин өсгөж үржүүлж байгаа юм.
Үүнтэй зэрэгцэн тансаг зэрэглэлийн загварын ертөнцөд ноолууран бүтээгдэхүүн Их Британи, Америк зэрэг өндөр хөгжилтэй орнуудын үнэ өртөг ихтэй дээд зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг гудамжуудад бэлэн худалдаалагдах болжээ. 1980-аад оноос хойш дэлхий дээр ноолуурын үнэ 60 хувиар өсч, 2018 оны байдлаар ноолууран хувцасны зах зээл 2,5 тэрбум ам.долларын үнэлгээтэй болсон байна. 2025 он гэхэд 3,5 тэрбум ам.долларт хүрнэ гэж НҮБ тооцоолжээ.
Монгол улс бол Хятадын дараа хоёрдугаарт орох түүхий ноолуур үйлдвэрлэгч орон юм. Тодруулбал дэлхийн ноолуурын хэрэгцээний тавны нэгийг нийлүүлж байна. Мөн зэс, алтны экспортоор дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгджээ. Монгол ноолуур чанараараа хамгийн дээд зэрэглэлд багтдаг. Учир нь олон хүн Хятад ноолуурыг хольцтой гэж үздэг. Нэг цамц хийхэд дөрвөн ямааны ноолуур шаардлагатай бөгөөд монгол мөнгөөр нэг кг ноолуур 130,000 төгрөгийн үнэтэй.
“Дэлхийн зах зээл дээр Монголын ноолуур өөрийн чанараар хангалттай үнэлэгдэж чаддаггүй нь маш харамсалтай. Бидний самнасан ноолуурыг Хятад болон бусад ноолууртай хольж дамнадаг” гэж Батмөнх ярьсан юм.
Монгол малчдын самнасан түүхий ноолуурын 90 хувийг Хятадын наймаачид малчдын гар дээрээс худалдан авч Монголд үйл ажиллагаа явуулдаг Хятад эзэдтэй компаниудад дамлан зардаг хэмээн Тогтвортой даавуу материалын холбооны зөвлөх Зара Моррис Трэйнор хэлжээ. Хятадууд малчдаас авсан ноолуурыг угааж боловсруулан Хятад руу экспортолдог байна.
Монголын Засгийн газар болон НҮБ бэлчээрийн даацыг хэтрүүлэх явдлыг бууруулах, ноолуурын үнийг нэмэхэд дараах хоёр санаачилгыг хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн санал нэгджээ. Нэгдүгээрт Засгийн газрын баримтлан хэрэгжүүлж буй бэлчээрийн мал аж ахуйн бодлогыг шинэчлэх, хоёрдугаарт Улаанбаатар хотод ноолуур боловсруулах үйлдвэрүүдийг олноор нээх юм.
Батмөнх эдгээр санаачилга амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Гэвч нүүдэлчдийн амьдрал байгалиас хамааралтай байдаг учир цаг уурын өөрчлөлт мэдрэгдэж байгааг тэрээр онцолсон юм. Бэлчээр хумигдаж өвс ногоо тарчиг болсон тулд ямаандаа өвс тэжээл худалдаж авч байна. Мөн халуун дулаан цаг агаар ямааны ноолуурны чанарыг бууруулдаг ажээ. Батмөнх “хүүхдүүдээ сургуульд явуулахын тулд ноолуураа зарж мөнгө олох хэрэгтэй. Гэвч бидний өвөг дээдсээс уламжлуулан үлдээсэн өв соёл, арга ухаан бидэнтэй хамт мөхөж байгаад сэтгэл эмзэглэж явдаг” хэмээн өгүүлжээ.
Эх сурвалж: ВВС