МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин өнөөдөр /2020-03-05/ цаг үеийн байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ
МҮХАҮТ-аас коронавирусын дэгдэлт ААНБ-дад яаж нөлөөлж байгаа талаар нөлөөллийн судалгаа явуулсан. 1100 компани хамрагдсан. 57,4 хувьд нь "маш их нөлөөлсөн", 32 хувьд "дунд зэрэг", 10 хувьд "тодорхойгүй" гэсэн дүр зураг гарчээ. Аялал жуулчлал, барилга, боловсрол, үйлчилгээний салбаруудад халдварт өвчний нөлөөлөл шууд нөлөөлжээ. Тэдгээр компаниудын 66 хувь нь банкны хүүгийн зардал, 35 хувь орчим нь түрээсийн зардалд "бүдэрч" байгаагаа хэлсэн ажээ.
МҮХАҮТ: Ажлын байрыг хадгалахын тулд ЖДҮ болон үйлчилгээг бодитойгоор дэмжээч гэсэн уриалгыг төр засагт хандан гаргажээ. Таван чиглэлээр 20 багц санал гаргасан. Үүнд: Төсвийг тодотгохгүй байя, онцын шаардлагагүй хөрөнгө оруулалтыг зогсооё. "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хувьцааг тараахыг хойшлуулъя. Дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийг дэмжье гэх мэт...
COVID-19 халдварын тархалт дэлхий нийтийг хамраад байгаатай холбогдуулан манай улсын эдийн засаг 5,6 орчим хувиар өсөх тооцоотой байсан бол одоо 1,1 хувь болж унах хандлага ажиглагдаж эхэлснийг тэрбээр хэллээ. Дэлхийн банкнаас гаргасан төсөөллөөр манай улсын эдийн засаг "эрсдэлтэй" ангилалд орсон. Нэмж вирусийн нөлөө эдийн засгийг сулруулах төлөвтэй байна. 2009, 2015 оны хямралтай эн зэрэгцэх хэмжээний бууралт ажиглагдаж магадгүй байна. 2020 онд 42 сая тонн нүүрс борлуулах төлөвтэй байсан ч энэ тоо нэлээн буурна.
БНХАУ-ын эдийн засаг саарч байгаа нөлөөлөл манай улсад 6-8 дугаар саруудад илүү хүчтэй мэдрэгдэх аж. 2012 онд БНХАУ-ын эдийн засаг 1,4 хувиар унахад манай улсын эдийн засагт үзүүлсэн нөлөө нь 5,2 хувь байсан. Монгол Улс БНХАУ-аас экспортын хувьд 90 хувь, импортын 33 хувийн хамааралтай эдийн засаг учраас зайлшгүй арга хэмжээ авах ёстой.
Өөрөөр хэлбэл, монголчуудын өмнө эдийн засгийн том эрсдэл хүлээж байна. 2009 оны хямралаар ажилгүйдлийн түвшин 12,6 хувьд хүрч байсан. Яаралтай арга хэмжээ авахгүй бол ажилгүйдэл 15-20 хувьд хүрэх төлөв ажиглагдаж байна. Ипотекийн зээл төлөлт гэх мэт буураад эхлэх тул ажлын байрыг хадгалах нэн шаардлагатай байна.