ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэвлэлийн хурлын эхэнд ДЭМБ-ын зөвлөх баг манай улсын эмч, мэргэжилтнүүдэд сургалт, зөвлөмж өгч ажиллаж байгааг хэллээ. Үргэлжлүүлэн тэрбээр ДЭМБ-ын албан мэдээг танилцуулсан юм. "Өнөөдрийн байдлаар 79 улсад халдвар гарч 3283 иргэн нас бараад, БНХАУ, БНСУ, Итали, Иранд халдвар голомтлон тархаж, гурван улсад халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ.
БНСУ-ын Тэгү хотод халдвар олноор илэрч байгаа нь сүмээс гадна балетын сургалтын төвд халдвар гарснаас үүдсэн байна. Мөн Япон урлагийн тоглолт үзсэн 15 хүнээс халдвар илэрснийг мэдээлсэн.
ДЭМБ-аас COVID-19 томууг бодвол өвчлөл, нас баралтаараа өндөр бөгөөд өнөөдрийн хүртэл нэг ч хүнд COVID-19 халдварын эсрэг дархлаа тогтоогүй байгааг онцлон мэдээлж байна" гэв.
Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: Япон улсад хавьтлын шинжилгээг эрчимтэй явуулсны үр дүнд 30 гаруй шинэ тохиолдлыг илрүүлсэн. Тус улсад лабораторийн шинжилгээний хариуг богиносгох, шинэ эм гаргаж авах талаар ажиллаж байгаа талаар тус улсын ЭМЯ-наас мэдээлсэн.
АНУ-ын баруун эрэгт Grand princess аяллын хөлөг онгоцон дээр халдвар гарсан байж болзошгүй гэсэн мэдээлэл гарсан. Уг аяллын хөлөг онгоцонд 2500 гаруй зорчигч аялж байгаа. Халдварын сэжигтэй тохиолдол байгаа учраас уг хөлөг онгоц аяллаа цаашид үргэлжлүүлэхгүйгээр Сан-Франциско боомтод эргэн ирж байгаа юм.
Калифорни мужийн захирагчийн шийдвэрээр тус мужид онц байдал зарласан. Нийтдээ АНУ-д 11 нас баралт бүртгэгдэж, 14 мужид 158 тохиолдол бүртгэгдсэн байна.
Итали улсад халдварын тархалтыг тогтоон барих зорилгоор тус улсын бүх боловсролын үйл ажиллагааг гуравдугаар сарын 15-ныг дуустал зогсоох шийдвэр гарсан. Иран улсад 300 мянган гаруй эмч нарыг дайчлан ажлуулж байгаа.
Эмнэлгийн тусламжийн газрын дарга Буянжаргал: Энэ сарын 4-ны өдөр Моксва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор гэр бүлийн гурван хүн Итали улсаар дамжсан түүхээ өгүүлэхгүйгээр буусан байсан. Иймд өчигдөр оройноос хууль хяналтын бүх байгууллагууд хамтарч ажилласан. Тухайн гэр бүлийн гишүүд хоёрдугаар сарын 2-нд Улаанбаатар-Женев-Итали Милан хот-Женев-Франц-Женев-Москва гэсэн маршрутаар явж ирсэн байсан. Дээрх гэр бүлийн гурван гишүүн дээрх аяллын мэдээллээ нуусан учраас гэрийг нь хайж олсон. Нэг иргэн нь буугаад ажил дээрээ очсон гэх мэдээллийн дагуу ажлын байранд байсан иргэдээс тандалт судалгаа хийсэн. Энэ үйлдэл бол иргэний маш хариуцлагагүй үйлдэл юм.
ЦЕГ-ын газрын дарга хурандаа Ж.Амгалан:
Засгийн газар УОК-ийн шийдвэрээр гуравдугаар сарын 3-ныг хүртэлх хугацаанд хорио цээрийн дэглэм сахиулж ажилласан. Цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангахын тулд эрүүл мэндийн байгууллага, улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхээр чармайн ажиллаж байна. Гэвч зарим иргэд хариуцлагагүй, хууль тогтоомжоо сахиж хэрэгжүүлдэггүйгээс болж зөрчил гарч байна. Тусгаарлагдсан иргэдээс зөрчил гаргах болжээ. ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэд гарах шаардлага тавьсан бол онгоцноос буусан иргэн Налайх руу зугтсан зөрчил гарсан гэх мэт олон зөрчил гарч байна. Үүргээ биелүүлээгүй хэнтэй ч байсан Эрүүл мэндийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно. Зөрчил гаргасан иргэдэд дэглэмийн хугацаа дууссан хариу нь сөрөг гарсны дараа хатуу хариуцлага тооцох болно. Италиар дамжсан иргэн бага насны хүүхдээ дагуулан явсан байсан. Италиар дамжсан гэдгээ нуун дарагдуулж байгаа нь төрийн алба хаагчдын ажлыг хүндрүүлж байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр, гуравдугаар сарын 3-ны дөрвөн тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан.
ХӨСҮТ-д нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлан лабораторийн шинжилгээ хийж байна. Мөн нийт найман хүнийг эмчийн ажиглалтад аваад байна. Энэ талаар тэрбээр “Дүүргүүдийн эмнэлэгт уушгины халдвараар өвчлөн эмчлүүлж байгаа иргэдийн дунд санамсаргүй түүврийн аргаар судалгаа хийхэд коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй” гэлээ.