СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ-д коронавирус тараасан Шинчонжи урсгал Монголд аюул тарихад ойрхон байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

“Монгол сувд” сүмийн төв байр

“За, өнөөдөр дахиад тамгалагдахдаа бэлэн үү?” хэмээн ихэд баяр жаргалтай хоолойгоор асуух залуу бүсгүйг танхим дүүрэн хүн дэмжин “Амен” гэж нэгэн зэрэг хариулна. Бүсгүй үргэлжлүүлэн “Тамгалагдахдаа баяр хөөртэй байгаа биз дээ” гэхэд мөн л “Амен” хэмээн хоолой нийлүүлэн орилох нь сонсогдоно. Илтгэгч эмэгтэйг “За, өнөөдрийн сэдвээ уншъя. Гурав аа, ий” гэхэд яг л бага ангийн сурагчид багшийгаа орж ирэхэд дэр хийтэл босож зогсоод мэндэлдэг шиг нэгэн зэрэг “Илчлэлт 21 дүгээр бүлэг. Шинэ тэнгэр, шинэ газар, амен” гэж дуржигнатал давтан уншина.

Тэдний дунд эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу янз бүрийн хүмүүс байх аж. Мөн тэд “Бурхан ааваас ирсэн захидал” хэмээх видео бичлэгийг бие биедээ дамжуулан, сүсэглэж, хайр энэрлээ илэрхийлцгээв. Тэрхүү захидал нь “Тэр бол таны бүх амьдралынхаа туршид хайж байсан ААВ чинь мөн” гэх мэтийн үгстэй. Энэ бол христийн шинчонжи (шинэ тэнгэр, газар) хэмээх урсгалын итгэгчдийн онлайн хичээлийн нэгээхэн хэсэг. Коронавирусээс урьдчилан сэргийлэх хорио цээрийн дэглэмийн хүрээнд сүм, хийдийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан тэд хичээлээ онлайнаар зааж, давтуулж байгаа нь энэ.

Монгол дахь шинчонжи сүмийн цуглаан

БНСУ-д коронавирусийн халдвар богино хугацаанд хурдацтайгаар тархаж буй, үүнд нь шинчонжи урсгалын сүм, тэдний итгэгчид буруутай гэсэн мэдээллийн хүчээр шинэ тэнгэр, газар хэмээх христийн шашны нэгэн урсгал олны анхаарлын төвд ороод буй. Солонгостоо гаж урсгал гэж нүд үзүүрлэгддэг шинчонжиг биднээс харь хол мэт санаж, сонирхогчийн нүдээр харж суугаа монголчуудад уг урсгал Монголд аль хэдийн ороод ирснээр зогсохгүй цэцэглэн хөгжиж, ойр тойрныхныг чинь “хөрсийг нь эргүүлж”, “мөчир, жимс” болгон ургуулж, “ургац” болгон хурааж байгааг сэрэмжлүүлэхээр бид энэхүү сурвалжилгыг бэлтгэж байна.

Тус урсгалын номонд шинчонжиг үндэслэгч И Ман Хигийн библийн тайлбар сургаалыг түгээн дэлгэрүүлэхийг “бурхны ажил хийх”, шинэ итгэгч элсүүлж, шашныхаа номлолд оруулахыг “хөрсийг эргүүлэх”, “мөчир ургуулах”, “үр жимс ургуулах”, сүмийн гишүүддээ санаа тавихыг “буудай арчлах”, сүмийн жинхэнэ итгэгч болж И Ман Хигийн үгийг дагадаг болохыг “ургац хураалт” гэх мэтээр ёгтлон нэрлэдэг. Энэхүү урсгалыг БНСУ-ын иргэн И Ман Хи хэмээгч үндэслэсэн бөгөөд өдгөө 90 нас хүрч буй тэрбээр өөрийгөө “Библийг хамгийн зөв тайлагч бурхан, бүхний эцэг. Мөнх амьтай” хэмээн номлодог.

Шинэ тэнгэр, газар урсгалын Монголд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг “Монгол сувд сүм” гэх нэрээр 2016 онд авсан ч нийслэлийн ИТХ-ын 2017 оны нэгдүгээр сарын 12-ны 16 дугаар тогтоолоор уг зөвшөөрлийг цуцалсан байна. Гэвч шинчонжи урсгалын сүмүүд өнөөг хүртэл Монголд хууль бусаар үйл ажиллагаа явуулсаар, хүрээгээ тэлсээр байна. Энэхүү байгууллага нь Монголд номлол сургаалаа дэлгэрүүлэх, хүмүүсийг элсүүлэх, үйл ажиллагаагаа сурталчлахдаа эрүүл амьдрах төв, англи, солонгос хэлний сургалтын төв, оюунлаг төв, сэтгэл заслын төвийн сургалт гэх мэт хуурамч нэр, хаяг ашигладаг бөгөөд.

Үүнд нь хууртан очсон хүмүүсийн сонирхлыг тодорхой хугацаанд татаж, бага багаар тархийг нь угаасаар итгэл үнэмшил төрүүлдэг аж. 
Шинчонжи урсгал итгэгчдэдээ “Ертөнцийн төгсгөл удахгүй болно. Тэр үед манай бурхныг (И Ман Хи) үнэнчээр шүтэж, тамгалагдсан (сонгогдсон) тэнгэрийн тахилч 144 мянган хүн амьд үлдэж, шинэ газар, дэлхийг үүсгэн амьдарна” гэж итгүүлж, тахин шүтүүлдэг. Мөн нийгмийн амьдралыг үгүйсгэж, орхихыг номлодог. Тухайлбал, “Энэ дэлхий хоосноос хоосон, маш бузар. Хэний үгэнд итгэж зүг чигээ олох вэ? Дэлхий даяар итгэх хүн байхгүй. Тиймээс үнэхээр тэнгэрийн хаанчлал руу явъя гэвэл бурхны (зөвхөн И Ман Хигийн тайлбарласан) үгийг итгэл, амьдралын зам болгох хэрэгтэй” хэмээн сургана. Мөн И Ман Хи “Бид дэлхийгээс хагацах хэрэгтэй. Дэлхийд найдвараа тавьдаг хүмүүс бурхны хаанчлалд орохгүй” гэж итгэгчдээ ертөнцийн амьдралыг орхихыг уриалж, зөвхөн түүний үгийг даган, шинэ тэнгэр, газар сүмийн төлөө амьдралаа зориулахыг номлодог. Тиймээс энэ урсгалын итгэгчид гэр бүл, нийгмийн амьдралаас холбоогоо таслан, сургууль, ажлаасаа гарч, зөвхөн сүмдээ үйлчилдэг аж.

И Ман Хи номлолдоо “Сүмийн Соёлын албаны гол зорилго бол сурталчилгаа юм. Дэлхийн олон хүн биднийг ажиглаж байна. Нийгэм, Засгийн газрын байгууллагууд ч гэсэн анхааралтайгаар ажиглан харж байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй” хэмээгээд аль болох олон хүнийг сүмдээ элсүүлэхийг итгэгчдэдээ уриалдаг байна. Ертөнцийн төгсгөл болоход 144 мянган хүн л аврагдана, тэдний тоонд багтах ёстой хэмээн итгэгчдэдээ горьдлого төрүүлдэг ч 2019 он гэхэд гишүүдийнх нь тоо аль хэдийн 200 мянга давжээ.

Улаанбаатарт л гэхэд шинчонжи урсгалын арав гаруй сүм, цуглааны газар, 3000 гаруй итгэгч бий гэсэн мэдээлэл бий. Бүр уг урсгалын номлолд итгэж, ажил, сургуулиа алдсан, гэр бүлийнхнээсээ тангараг тасарсан хүмүүсийн ар гэрийнхэн нэгдэж, гаж урсгалаас хүнээ татаж авах арга зам, асуудал, бэрхшээлээ ярилцдаг, эсэргүүцлийн хөдөлгөөн маягийн юм ч бий болоод амжсан байна. Бид шинчонжи урсгалын хохирогч болсон хүмүүсийн төлөөлөлтэй уулзаж, ярилцлаа.

Х.БААТАР: ХАНДИВЫН МӨНГӨӨ ОЛОХЫН ТУЛД ХУДЛАА ЯРИХ НЬ НҮГЭЛ БИШ ГЭЖ ИТГҮҮЛДЭГ 

-Ээж тань хэр удаан хугацаанд уг сүмд явсан бэ?

-Найман сар орчим явсан. Хэт гүнзгийрээгүй байсан болохоор бид хөөцөлдөж байгаад арай гэж татаж авсан. Би гадаадад сурч байгаад ирсэн юм. Намайг явахад зүгээр байсан хүн ирэхэд царай алдаж, тураад, үс гэзгээ тайрчихсан, танигдахын аргагүй хачин болчихсон байсан. Гадаадад байхад утсаар ярихдаа “Нэг сургалтад сууж байгаа” гэдэг байсан. Тэр үед ийм айхтар юм гэж бодоогүй тул олон юм асууж шалгаагаагүй. Ирээд, тийм хачин болчихсон байхаар нь яав, ийв, ямар учиртай сургалт вэ гэтэл “Сүнсэн биеэрээ холбогдсон гэр бүлтэй болсон. 144 мянган хүний тоонд багтаж, бурхны авралд орно, мөнх амьдарна, хэдэн зуу насална” гэсэн юм ярьсан. Тэгээд өдөр, шөнөгүй библи уншина, хуулж бичнэ. Долоо хоногийн зургаан өдөр хичээлтэй, гэртээ байхдаа байнга даалгавартай. Ер нь хүмүүсийг өөр юм бодох завгүй, өөр хүмүүстэй уулзаж, өөр орчинд оруулахгүй барих нь эдний гол арга.

-Өөрийг тань гадаадад байхад ээж нь хэнтэй хамт амьдарч байсан бэ?

-Ганцаараа байсан. Ганцаараа байдаг, ганцаардсан хүмүүс эдний гол бай болдог шиг байгаа юм.

-Анх яаж сүмд очсон юм бол?

-Гудамжинд явж байхад нь хүмүүс “Гадаад хэл, хувь хүний хөгжлийн үнэгүй сургалт хичээллэж байгаа. Зүгээр л сонирхоод үз” гэсэн байгаа юм. Ээж минь хөдөө амьдарч байгаад тэтгэвэртээ гараад хотод ирсэн хүн. Ийм аюултай юм байдаг гэдгийг мэдэхгүй хүн чинь итгээд дагаад явахгүй юу. Эхний сургалтууд нь сонирхлыг нь татахаар нь дахин дахин очсоор, нөгөөдүүл аажим аажмаар библиэ заасаар, итгүүлсэн байх. 

-Ирээд, ээжийгээ хориглоход яаж хүлээж авсан бэ?

-“Чи удахгүй ойлгоно. Удахгүй дэлхийн төгсгөл болно. Энд явж байгаа хүмүүс л аврагдана” гэсэн. “Бид үхээд, та ганцаараа аврагдах юм уу” гэхэд “Ургаас ганц хүн байхад болно” гэсэн. Бид юу ч гэж хэлээд нэмэргүй, бүгдийг үгүйсгэдэг, цаад хүмүүсийнхээ үгэнд л итгэж, тэдний л үгэнд ордог болчихсон байсан.

Ээж эдний сургалтад эхний зургаан сард нь эрчимтэй явсан. Долоо дахь сард нь би ирээд хориглож эхэлсэн. Амаар хэлээд дийлэхгүй болохоор нь найм дахь сараас нь би бүр тас хориглож, гэрээс гаргахгүй сахиж суудаг болсон. Жаахан л сиймхий гарвал зугтаад алга болчихдог байлаа. Тэндээ очихгүй л бол болохгүй гэсэн бодол бүр бат суучихсан. Бага багаар үгэндээ оруулсаар тархийг нь тэгж 100 хувь угаадаг, тэдний үгнээс л гарах юм бол болохгүй гэж бат итгүүлдэг, аймшигтай.

Тэр сүмийнх нь хүмүүс найз нөхөд нь болж жүжиглэж байгаад гэр бүл, үр хүүхдүүдийнх нь бүх мэдээллийг авдаг. Хүүхдүүдийнх нь регистрийн дугаар, гэрийн хаягийг бүгдийг бичүүлж авсан телеграмын чаатын хуулбар нь надад бий. Найз нөхөд болж жүжиглэж байгаад авсан мэдээллээ толгойлогч нартаа аваачиж өгдөг. Нөгөөдүүл нь тэр мэдээллийг уншчихаад, тухайн хүнтэй уулзахдаа далдыг харж бүхнийг мэддэг ид шидтэн мэтээр ярьдаг бололтой юм билээ. Тэгэхээр нь ид шид, бурхан тэнгэр гэж үнэхээр байдаг бол эд юм байна, эдэнд худлаа ярьж болохгүй, эднийг л дагаж байхад үнэхээр бурхны авралд орно гээд итгэчихдэг шиг санагдсан.

Хүмүүсийг судалж байгаад, яг тохирсон, сонсохыг хүссэн зүйлийг нь хэлж, итгэл найдвар төрүүлдэг. Мөнгөнд дуртай хүнд удахгүй баяжина, эрүүл мэндийн асуудалтай бол удахгүй эдгэрнэ, хүүхдүүд нь муу явдаг бол та энд байснаар хүүхдүүд чинь сайхан болно гэж хэлдэг. Хүний сэтгэлзүйг мэдэрч, сул тал дээр нь дөрөөлдөг. 

-Улаанбаатарт арав гаруй газарт үйл ажиллагаа явуулдаг гэсэн. Танай ээж хаана явж байсан бэ?

-Сүм, цуглааны газрууд нь ихэвчлэн тодорхой нэр усгүй байдаг. Хаягтай газар ч мэр сэр бий. Миний мэдэхээр “ТБД Андууд”-ын хажууд “Оньс” төв, өөр газарт “Оч” гэж сургалтын төв бий. Ийм жижиг газрууддаа анхлан ирж буй хүмүүсийг аваачдаг, тэгээд “хөрсөө бэлтгэнэ”, “үр жимсээ ургуулна” гэж ярьдаг. Манай ээж “Оньс” төвд нь зургаан сар сууж, тэндээ “боловсорч”, “жимс” болсон гэж тооцогдон, хорооллын эцэст байдаг шар алаг байран дахь төв сүмд нь явсан юм билээ. Тэр нь шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй, хаяггүй. Хаяггүйгээр барахгүй хаалгандаа кодтой, чипээр нэвтэрдэг. Гаднын хүн очиход тийшээ нэвтэрч чадахгүй, ямар үйл ажиллагаа явуулдгийг нь мэдэх ч аргагүй. Би тийшээ 2-3 удаа дайрч орсон. Яг л сүмийн үйл ажиллагаа явуулдаг, хэд хэдэн хуулийн зөвлөхтэй, маш боловсронгуй, системтэй ажилладаг, багагүй хугацаанд ажилласан нь илт, тохижсон газар байна билээ.

Долоо хоногийн зургаан өдөр цугладаг, ганц хагас сайнд л амардаг. Тэгэхдээ өдөр бүр хандив өгнө. Бүтэн сайн, лхагва гарагт мөргөлтэй учраас энгийн өдрөөс илүү өгөх ёстой. Сардаа нөгөө христийн шашны аравны нэг буюу сарынхаа орлогын арван хувийг бас заавал өгөх ёстой. Явдаг хүмүүс нь үүнийгээ өгөхийн тулд гэр бүл, үр хүүхдэдээ худлаа ярьж мөнгө авна. Мөнгөө өгч чадахгүй бол “үр жимс хураана” (Шинэ хүн олж ирнэ). Эднийхийг гаж гэдгийг илтгэх нэг зүйл нь итгэгчдээ “Бидэнд худлаа ярьж болохгүй. Харин үр хүүхэд, гэрийнхэндээ худлаа ярьж болно” гэж итгүүлдэг. Хандивын мөнгөө олохын тулд худлаа ярих нь бурхны төлөө тул нүгэл биш гэнэ.

-Ээж тань одоо энэ сүмээс гарсан гэсэн үү?

-Одоо хотоос 1000 гаруй км-ийн цаана, хөдөө байгаа болохоор арай ч очоод авчихгүй байх. Хотод байхад нь эрчимтэй хориглож, гэрээс гаргахгүй, гар утас ч бариулахгүй хэсэг байлгасан. Есдүгээр сард би ирээд хориглосноос хойш хоёр сарын хугацаанд сэтгэл санааны гүн хямралтай, хүнтэй ч харилцахгүй, өөрт нь их хүнд байх шиг байсан. Олон удаа ярилцаж, тайлбарласны эцэст яваандаа гайгүй болж, ер нь хөдөөдөө очъё гээд явсан. Одоо бол хэвийн байгаа.

-Тэнд явж байгаа хүмүүсийг гэр бүлийнхэн, үр хүүхэд нь хоригловол тэднийг орхих, харилцаагаа таслаад явахад бэлэн байдаг гэсэн. Танай ээж тийм хандлага гаргасан уу?

-Тэгдэг юм билээ. “Намайг ингээд л хаячих” гэж ээж маш олон удаа гуйсан. Бидний амьдралд огт оролцохгүй, бидэнд сайн, муу ямар ч үйл явдал тохиолдсон тоохгүй, ерөөсөө эх хүн гэдгээ умартчихсан, “Би тэр бурханд, бүр тодруулбал, энэ урсгалынхны аавыгаа гэж итгэдэг И Ман Хид үйлчлэх ёстой” гэдэг сэтгэхүйтэй болчихсон байсан.

-Энэ урсгалд итгэгч бүр ийм сэтгэхүйтэй болчихдог юм уу. Ар гэрийнхэн нь уулзаж, ярилцдаг гэсэн. Гайгүй хүмүүс бас байдаг байлгүй дээ.

-Ер нь л ийм асуудал түгээмэл шүү. Ар гэрийнхэнтэй нь уулзаад ярилцаж байхад хэцүү хэцүү зүйл сонсогдоно. Нэг ээж хүүхдээ хориглоод, гэртээ хорьж л дээ. Нэг өдөр гэрээс гарахаар нь дагаад явж байтал хүүхэд нь цагдаа дуудаж “Танихгүй хүн намайг дагаад байна” гээд барьж өгчихөөд явчихсан гэсэн. Бас нэг эмээ хоёр ачаа дагуулж яваад, мөргөлийнх нь цаг болсон тул хоёр нялх амьтныг өвлийн хүйтэнд гудамжинд хаячихаад явчихсан байгаа юм. Энэ бол наад захын жишээ. Ар гэрийнхэн уулзаад ярилцаж байхад иймэрхүү зүйлийг хүн бүр ярина.

-Сүмийн цуглаанд явж байгаад ирэхээ больсон хүмүүсийн араас их хөөцөлддөг гэсэн. Танай ээжийн араас ирсэн үү?

-Ийшээ нэг орсон хүн гарна гэж бараг байхгүй. Ер нь гарсан хүн цөөхөн юм шиг байна билээ. Очдог байсан хүн очихоо боливол араас нь салахгүй хөөцөлдөж, ятгадаг. Нэг охин хэлний сургалт гэж хууртаж очоод, шашин гэдгийг нь мэдээд очихоо болиход араас нь хөөцөлдөж, салахгүй ятгаад их зовоосон гэсэн. Аргаа бараад утсаа сольсон чинь өөрийг нь байхгүйд гэрт нь ирээд, “Ангийнх нь хүүхэд байна” гэж худлаа хэлэн ээжээс нь дугаарыг нь авчихсан. Тэгээд “Энэ бол чамд ирж байгаа сорилт. Үүнийг давчихвал яг сайхан болно. Сүмдээ эргээд ир” гэж зогсоо чөлөөгүй ятгаад, байгаа газар нь явж очоод салахгүй болохоор нь хөдөө ахынхдаа очиж, утас барихгүй хэсэг байж эднээс салсан гэнэ билээ.

Манай ээж бол бид хориглож, одоо дахиж битгий холбоо барь гээд дугаарыг нь солиод өгөхөөр өөрөө холбогдчихдог байсан. Тийм болохоор “Өөрөө холбогдож байгаа юм чинь манай итгэлтэй хүн” гэж үздэг ч юм уу, гэрт бол ирээгүй. Харин ээж рүү “Хүчтэй байгаарай, таныг гэр бүлийнхэн чинь хориод байгаа бол үүнийг библид заасан хавчилт гэж ойлго. Хавчилттай хүмүүс ерөөлтэй гэсэн байдаг” гэх мэтийн юм явуулдаг байсан. Ээжийг хориглож байх үедээ тэдний харилцдаг телеграм чаатыг нь харахад “Манайд 3000 гаруй хүн явж байгаа. Тэднээс 300 гаруй нь хавчилттай (Гэрийнхэн нь хориглодог). Тэднээс 60 шахам нь гэрийн хорионд байгаа. Гэрийн хорионд байгаа хүмүүс бол бурхантай хамгийн ойрхон, итгэл нь хүчтэй байна гэсэн үг. Удахгүй бурхны авралд очих болохоор хүчтэй байгаарай. Наадхаа л давж гарч чадвал та аврагдана. Бид сүнсэн биеэрээ холбогдсон гэр бүл шүү” гэх мэтээр ятгадаг юм билээ.

Хүнд шашин шүтэх эрхийн зэрэгцээ эс шүтэх гэж том эрх бий шүү дээ. Эднийх бол хүний эс шүтэх эрхийг ноцтой зөрчдөг газар. Зүгээр гудамжинд явж байгаа хүнийг “Гадаад хэл, хүний хөгжлийн үнэгүй сургалт сонирх. Манайх дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сургалтын төв” гэж хуурч аваачаад, аажмаар шашны номлолоо заасаар нэг мэдэхэд итгүүлчихдэг. Нэг итгэсэн хүнийг гаргахгүйн төлөө өөр юм үзэж харж, сонсох, хүнтэй харилцаж, мэдээлэл солилцох бүх замыг нь хааж, зөвхөн өөрийнхөө шашинд үнэнч байхыг бүх талаас нь тулган, эрхшээлдээ байлгадаг. Өөрөө ухаараад, гаръя гэсэн ч гаргадаггүй. Шинчонжид итгэгчдийн ар гэрийнхэн оны өмнө цуглаж, холбогдох албаныханд өргөдөл өгөх гэж үзсэн. Цагдаа бол хүний шашин шүтэх эрх яриад гомдол хүлээж авдаггүй юм билээ. Гэвч нөгөө талд нь хүний шашин эс шүтэх эрх, Монгол Улсын холбогдох хууль баймаар л юм.

Ж.СОЁЛМАА: ХҮҮГЭЭСЭЭ “СҮМЭЭ СОНГОХ УУ, ГЭРИЙНХНЭЭ СОНГОХ УУ” ГЭХЭД ЭРГЭЛЗЭХ ЗҮЙЛГҮЙГЭЭР “СҮМДЭЭ ҮЛДЭНЭ” ГЭСЭН

-Таны хүү энэ сүмд явснаасаа хойш сургуулиа хүртэл орхисон гэж сонслоо. Энэ талаар тодруулаач?

-Тийм ээ, хүү минь 25 настай. Энэ сүмд яваад таван жил болж байна. ШУТИС-ийн хоёрдугаар дамжааны оюутан байхдаа “Гадаад хэлний сургалтанд явж байгаа” гэж хэлсэн. Сүүлд тэр нь сүм болохыг мэдсэн. Эхний үед хүний эрх гэж бодоод, ойлгож, дэмжихийг хичээдэг байлаа. Яваандаа нэг л биш зүйлд уруу татагдаад байна гэдгийг мэдээд ярилцаж үзсэн, болиулах гэж оролдсон, цагдаад хүртэл мэдэгдсэн ч нэмэр болоогүй.

-Ид сурч, хөгжих насны залуу юуны учир сургуулиа орхисон гэж бодож байна вэ?

-Энэ сүмийнхэн маш завгүй байдаг юм билээ. Долоо хоногийн зургаан өдөр сүмдээ явдаг. Хар өмд, цагаан цамц өмсөөд 07:00 цагт гарна. Шөнө дөлөөр орж ирнэ. Байнга иймэрхүү байдалтай байхаар хичээл орхигдох нь мэдээж. Бас тэр сүмд бурхандаа л үнэнч байвал бүх зүйл сайхан болно гэж заадаг юм шиг байна лээ. Өдийн насны эр хүн гэхэд ажил ч үгүй, мэргэжил ч үгүй, гэр бүл ч үгүй. Тэгсэн хэрнээ “Удахгүй бүх зүйл сайхан болно” гэсэн хүн л байдаг.

-Та энэ хугацаанд хүүгийнхээ ирээдүйн төлөө ямар арга хэмжээ авсан бэ. Болиулахыг оролдов уу?

-Байдаг бүх л арга чаргаа барж байна даа. Хэлж яриад ойлгохгүй болохоор нь “Сүм дээр чинь очъё, тэр хүмүүстэй чинь уулзмаар байна” гэхээр байршлаа зааж өгдөггүй. Нэг удаа нууцаар дагаж явсаар очтол ямар ч нэр, хаяггүй газар байсан. Ер нь хамаагүй хүмүүс оруулдаггүй, өөрсдөө орж, гарахдаа ч их нууцалдаг юм билээ. Тэгж мөрдөж мөшгиж очоод “Чи эд нартайгаа үлдэх юм уу. Гэрийнхэнтэй явах юм уу” гэж асуухад эргэлзэх зүйлгүйгээр “Сүмдээ үлдэнэ” гэсэн. Тэр байгууллагынх нь талаар цагдаад гомдол гаргаж үзсэн ч одоогоор дээрдсэн юм алга даа.

Анх найз нартайгаа тавуулаа явж эхэлсэн. Одоо бүгдээрээ л ийм хүмүүс болцгоогоод байна. Монголын ирээдүй хойч ингэж шашны гаж урсгалд автаж буйд харамсаж байна. Сүмд нь хэд хэд очиход багшилдаг хүмүүс нь дандаа л монгол хүүхнүүд харагддаг. Нэг ч солонгос хүн байдаггүй. Тэгэхээр энэ бүхнийг хэн санхүүжүүлдэг, ямар зорилгоор оруулж ирснийг олж тогтоох хэрэгтэй. Тэгж байж л энэ гаж урсгалыг зогсоож чадна. Үүнд төр, засаг анхаарал хандуулаасай гэж хүсэж байна.

Д.ОДБАЯР: ХҮНИЙ ҮГ СОНСОХГҮЙ, ГЭР ОРОНДОО ТОГТОХГҮЙ, СЭТГЭЛЗҮЙ НЬ МАШ ХАЧИН БОЛЧИХСОН

-Ээж тань шинчонжи урсгалын итгэгч болоод хэр удаж байна вэ. Анх яаж энэ хүмүүстэй холбогдсон талаар нь ярилцаж байв уу?

-Ээж маань сувилагч мэргэжилтэй. 30 гаруй жил мэргэжлээрээ ажиллаад, тэтгэвэртээ суусан, одоо 69 настай. Энэ сүмийнхэнтэй холбогдоод хоёр жил гаруй болж байгаа.

-Сүсэг бишрэлдээ хэр их цаг зарцуулж байна вэ?

-Долоо хоногийн зургаан өдөр сүм рүүгээ явдаг. Бямба гарагт гэртээ өнждөг ч гэрийн даалгавраа хийж байна гээд маш завгүй байдаг.

-Энэ урсгал хүний амьдралд хэрхэн нөлөөлдөг, та бүхэн яагаад гаж үзэж буй талаараа яриач?

-Нэгдүгээрт, эрүүл мэндээрээ хохирч байна. Настай хүн өдөр, шөнөгүй хичээл хийж, үүнээсээ болоод даралт нь ихсэж, бие нь өвддөг. Бас ерөөсөө чөлөө олгодоггүй учраас өвөл сүм рүүгээ явж байгаад хальтарч унаад бэртэж гэмтэх тохиолдол гарна. Хоёрдугаарт, мөнгө санхүүгээрээ хохирч байна. Орлогынхоо 10 хувийг сүмдээ өгдөг гэсэн. Тэтгэврийн цөөхөн хэдэн төгрөг нь тиймэрхүү замаар дуусдаг байх. Хамгийн хэцүү нь, хүний үг сонсохгүй, гэр орондоо тогтохгүй, сэтгэлзүйн хувьд маш хачин болчихсон. 

Б.ЭРДЭНЭЧИМЭГ: 80 ГАРСАН НАДТАЙ 60 НАСТАЙ ОХИН МИНЬ ЗОЛГОХОО Ч БОЛЬСОН

-Таны гэр бүлээс хэн нь шинэ тэнгэр, газар сүмд явдаг вэ. Сүмд яваад хэр удаж байна?

-Том охин маань явдаг. Одоо 60 хүрч яваа, эмээ болчихсон хүн шүү дээ. Энэ сүм гээчид яваад гурван жил болж байгаа. Өөрөө явах мөрөөрөө явахгүй хавь ойрын хүмүүсээ дагуулж явах гэж ятгаж, уриалаад байх юм.

-Охин нь ямар ажил хийдэг вэ. Одоо ажлаа хийж байгаа юу?

-Уг нь үсчин мэргэжилтэй. Эхэндээ бол ажлаа хийдэг, сүмдээ яваагүй завтай цагаараа л ажил дээрээ ирдэг байсан. Одоо юу болж байгаа юм, сайн мэдэхгүй л байна. Ихэнх цагаа сүмдээ өнгөрөөдөг, амьдрал ахуй нь бүр хэцүүдсэн.

-Энэ сүмд явснаар ямар сөрөг үр дагаврууд гарсан бэ?

-Эцэг бурхнаасаа өөр бодох зүйлгүй болсон. Хөгшин надад Цагаан сараар ч ирж золгохоо больсон. Нэг бол ойр тойрныхоо хүмүүсийг сүмдээ элсэхийг уриалж, шаналгана. Эсвэл бурхныг нь шүтээгүй бид нарыг буруу номтон гэж буруутгана. Өдий насны хүний толгойг ийм болгочихдог газар байдаг л юм байна.

Ж.НАРАНГЭРЭЛ: БУРХАН НЬ ТУШААЖ БАЙНА ГЭВЭЛ ТӨРСӨН ЭЦЭГ, ЭХЭЭ Ч АЛЖ ЧАДАХ ХЭМЖЭЭНД БЭЛТГЭГДЭЖ БАЙГААГ БИ НҮДЭЭРЭЭ ХАРСАН

-Та шинчонжи урсгалын сүмд явж байсан гэсэн. Хэр хугацаанд явсан бэ?

-Би тэр сүмд 2019 оны наймдугаар сараас аравдугаар сарыг дуустал явсан. Манай төрсөн эгч энэ сүмд явдаг. Эгч маань маш удаан ятгасан ч очоогүй. Харин өнгөрсөн жилийн наадмаар таарахад нагац ах маань бас элссэн байсан. Ах маань ойр дотнынхныхоо хүндлэлийг хүлээсэн мундаг хүн л дээ. Тийм болохоор намайг урихад нь ахыгаа хүндлээд, татгалзаж чадаагүй. Дээр нь “Сүнс хооллодог” гэдэг мэдээлэл нь миний сонирхлыг их татсан. Сүнсэн биеэ судлах, улмаар эрүүл урт, удаан амьдрах зэрэг хичээл заадаг юм болов уу гэж ойлгоод очсон.

-Анх очиход тань яаж хүлээж авсан бэ?

-Их сүртэй элсүүлдэг юм билээ. Гурван ч удаа ярилцлага авсан. Тэгээд сонгон шалгаруулалт явуулдаг гэж хэлсэн. Дараа нь над руу утсаар холбогдож “Та тэнцсэн. Маргаашнаас гэрийн углааш, ус уух савтайгаа ирээрэй” гэсэн. Тэгээд очихоор болоход уулзах газраа хэлэхгүй, утсаар ярьж зам заагаад байсан. Хаа байсан хол газар автобуснаас буулгаад, нааш цааш нь баахан явуулж байж нэг хүн тосож авсан. Байршлаа нууж байсан нь тэр юм билээ. Ер нь байршлаа байс хийгээд сольдог. Намайг явж байх хугацаанд гурван ч удаа нүүсэн. Анх ороод үнэхээр гайхсан. Учир нь тэнд маш олон хүн байсан. 

-Хичээлийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг байсан бэ?

-Хүмүүсээ анхан, дунд, гүнзгий шат гээд хэд хэд ангилчихдаг. Тэнд зөвхөн анхан шатныхан гэхэд 70-80 орчим хүн байсан. Хүмүүсийг арав, арваар нь грүпп болгоод хичээл заадаг. Нэг ярьсан зүйлээ хэд дахиж ярьдаг. Ер нь бол библийн сургаалуудыг цээжлүүлдэг. Бас замбараагүй их гэрийн даалгавар өгнө. Хийхгүй очвол загнана.

-Шашны энэ урсгалын хичээл, номлолууд их хатуу дэг жаягтай гэж сонссон. Танд анзаарагдсан зүйл байна уу?

-Тийм тийм, их сүртэй. Жишээ нь, багшийн ярьсныг зөвхөн “Тэмдэглэ” гэсэн үед л тэмдэглэнэ, заавал нуруу цэх суух ёстой, сандлын гуравны нэг хэсэгт сууна, түшлэг налж болохгүй, гараа зөрүүлж болохгүй, урдаас эвшээлгэж болохгүй, утсаа асааж болохгүй, утсаар ярьж болохгүй гэх мэт хатуу дүрмүүдтэй. Бас хичээлийн үеэр зогсоо зайгүй зураг дарчихдаг. Баримтжуулаад цааш нь л нэг тийшээ явуулдаг шиг байгаа юм.

-Хэзээнээс нь И Ман Хийг танилцуулсан бэ. Шинэ тэнгэр, газар гэдэг шашны урсгалын сүмд явж байгаагаа яаж мэдсэн бэ?

-Хичээл эхлээд сар орчмын дараанаас И Ман Хийг танилцуулсан. “Библийг манайх л жинхэнэ утгаар нь тайлбарладаг. Манай бурхан цорын ганц үнэн. Тэгээд 144 мянган хүн тэнгэрийн хаанчлалд орно. Дэлхий сөнөх үед бурхны таалалд нийцсэн энэ хүмүүс амьд үлдэж, шинэ тэнгэр, газрыг үүсгэн амьдарна” гэж заадаг. Тэр үед л ийм шашны нөлөөнд автаж яваагаа мэдсэн дээ.

-Эл байгууллага ямар арга замаар шинэ гишүүн элсүүлдэг вэ?

-Багш нар нь “Хүн бүр шинээр хүн урьж үр жимсээ бий болгох хэрэгтэй” гэдэг. Тийм учраас тэнд явдаг хүмүүс эргэн тойрны хүмүүсээ ятгаж шаналгадаг. Эсвэл үнэгүй сургалт, эмчилгээний төв гэх мэтээр хуурч аваачдаг юм билээ.

-Та яагаад тэнд явахаа болихоор шийдсэн бэ? 

-Миний хувьд ажил хийх, амьдралаа авч явах боломжгүй болж эхэлсэн. Бас хүнийг өдөр, шөнө, өглөө, оройгүй хичээлээр дардаг. Өөрсдийнх нь үгнээс жаахан л зөрвөл загнадаг. Нэг юмаа залхтал дахин дахин заадаг. Ер нь бол тэнд эрүүл ухаантай байх ямар ч боломжгүй. Нэг л оччих юм бол араас уйгагүй хөөцөлддөг. Одоо ч над руу байнга утасддаг. Хэзээ ч залхана гэж байдаггүй хүмүүс. Тэнд буруу номын сургаалиар хүмүүсийг мунхруулж, ямар ч өөрийн гэсэн тархи толгойгүй болгож байна. Тэнд удаан явсан хүмүүс бурхан нь тушааж байна гэвэл төрсөн эцэг, эхээ ч алж чадах хэмжээнд бэлтгэгдэж байгааг би нүдээрээ харсан.

Х.Уянга

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.