Дэлхийн нэн баячууд буюу 30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй эрхмүүдийн тоо өнгөрсөн онд 31,000-р нэмэгджээ. Тодруулбал нэн их хөрөнгөтэй чинээлэг эрхмүүд зургаан хувиар нэмэгдэж 513,244 болсныг Knight Frank үл хөдлөх хөрөнгийн агентлагаас мэдэгдсэн байна. Энэ тоо нь Исланд, Мальта, Белиз зэрэг жижиг орнуудын хүн амаас илүү байгаа юм.
Knight Frank-ын хийсэн тооцооллоор 2024 он гэхэд 30 сая ам.доллараас илүү хөрөнгөтэй нэн чинээлэг эрхмүүдийн тоо 27 хувиар нэмэгдэж 650,000 гарах ажээ. Хятад, Америк, Япон, Франц, Герман, Орос, Их Британи, Итали улсууд нэн чинээлэг эрхмүүдээрээ тэргүүлж байна. Дэлхийн нэн чинээлэг иргэдийн тэн хагас орчим нь буюу 240,000 нь АНУ-д амьдарч байна.
Түүнчлэн долларын саятнууд 2019 онд 46,9 сая байсан бол одоо 50 сая болж нэмэгдсэн нь Испани улсын хүн амаас илүү байгаа юм. Дээрх судалгааг хийсэн байгууллага өнгөрөгч 2019 оныг эдийн засгийн хувьд “үймээнтэй” жил болсон хэмээн дүгнэжээ. Судалгааны багийн ахлагч Лиам Бэйлигийн хэлснээр Ази даяар хөрөнгө чинээтэй эрхмүүдийн тоо нэмэгдэж байгааг дуулгахад таатай байна гэжээ. Тэр дундаа Хятад, Энэтхэг, Вьетнам, Малайз улсуудад ирэх таван жилийн хугацаанд чинээлэг эрхмүүд нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Тухайлбал энэтхэгчүүдийн дунд нэн баячуудын эгнээнд элсэгчид ирэх таван жилийн хугацаанд 73 хувиар нэмэгдэнэ гэж тооцжээ. Харин Египет улсад 66 хувиар нэмэгдэх төлөвтэй байна хэмээн Бэйли ярьсан байна.
Эх сурвалж: The Guardian