СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2020-03-04

Шинэ үеийнхэн юунд дурлаж байна вэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Орчин цагийн залуус, Y болон Z үеийнхний тухай мянга мянган нийтлэл, судалгаа гардаг. Тэд өмнөх үеийнхнээсээ юугаараа өөр вэ, тэдэнтэй хэрхэн харилцаж, хамтран ажиллах вэ гэдэг өчнөөн зөвлөгөө болж болно. Шинэ мянганы босгон дээр насанд хүрсэн буюу 1981 оноос хойш төрөгсдийг Y үеийнхэн, 1995-2001 оноос хойш төрсөн хүмүүсийг Z үеийнхэн гэж барагцаалж болох агаад тэд манай гаригийн хүн амын гуравны нэгийг бүрдүүлж байна. Энэ удаад бид миллениалууд, шинэ цагийн залуус юунд дурлаж, юу сонирхож байгааг онцолж байна.

Аялал

“FutureCast” консалтингийн агентлагаас гаргасан судалгаагаар, орчин цагийн залуусын дийлэнх нь амьдралаас хүссэн бүхнээ авахыг хүсдэг, шинэ сэтгэгдэл, адал явдал эрэлхийлэгчид ажээ. Тиймээс ч орчин цагийн залуусын дунд аяллын олон төрлийн бизнес цэцэглэн хөгжиж байна. 18-35 насны залуусын талаас илүү хувьд нь ямар нэгэн эд зүйл худалдаж авснаас илүү шинэ газар очих, ямар нэгэн сонирхолтой зүйл туршиж үзэхийг хүсдэг гэнэ.

Техник, технологийн хөгжлийн ачаар тэд өөр соёл, хэл, шашны талаарх мэдлэгийг өмнөх үеийнхнээс илүү хүлээн авч буй учир бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, тэвчиж чаддаг. Энэ нь аялах, өөр улс, хотод очиж үзэхэд шинэ үеийнхэнд хэрэг болдог бөгөөд жилдээ 3-4 удаа өмнө нь явж байгаагүй газарт очиход нөлөөлдөг.

Технологи

Технологийн дэвшлийн олгож болох бүхий л давуу талыг жинхэнэ утгаараа хүртэж буй хүмүүс бол залуус. Ухаалаг гар утас, интернэт, цахим үйлчилгээг хэрхэн ашиглахаа тэд өлгийтэйгээсээ мэддэг байсан. Их Британийн “CivicScience” компаниас гаргасан судалгаанд өгүүлснээр, залуусын 80 хувь нь унтахаас бусад үедээ гар утсаа ашигладаг бөгөөд олон нийтийн сүлжээ, онлайн тоглоом, стрийминг үйлчилгээ ашигладаг байна.

Контент бүтээгчид

Сонин хэвлэл, радио, телевизийг чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулсан ахмад үеийнхнээс тэд өөр. Шинэ үеийнхэн бусдын бэлдсэн контентыг хүлээн авагч, таашаагчид биш өөрсдөө контент бүтээгчид. Сонин, цаасан хэвлэлийн оронд таблет, цахим хувилбарыг, радионы оронд подкастыг, телевизийн оронд стрийминг үйлчилгээг сонгоно.

Сонгоод зогсохгүй тэд сонирхол, хүсэл, амьдралын хэв маяг, аялал, туршлага, дуртай зүйлсийнхээ талаар контент бэлдэж, түүнийгээ асар олон хүнд, нэгэн зэрэг, үнэгүй хүргэж чадна. Хамгийн чухал нь тэд энэ бүхнээсээ ашиг олж, алдар хүндэд хүрч, бусдад нөлөөлнө. Товчхондоо, өнгөрсөн зууныхны мөрөөдөж ч зүрхлэхгүй асар олон боломж тэдний өмнө нээлттэй буй.

Эрүүл амьдралын хэв маяг

Эрүүл, зохистой хооллолт, спорт, сэтгэлзүйн эрүүл мэнд зэрэг бидний амьдралын тэнцвэрийг барьж буй зүйлсэд шинэ үеийнхэн илүү утга учир өгдөг. Гоо сайхан, эрүүл мэндийнхээ төлөө ухамсартай сонголт хийж, өөртөө анхаарах нь чухал гэдгийг тэд мэддэг. Эрүүл амьдралын хэв маягийн талаарх шинжлэх ухаанч, цэгцтэй мэдээлэл хүртээмжтэй болж, хоол хүнс, нойр, спортын олон зөвлөгөө, аппликэшн бий болсоор байгаа нь үүнд нөлөөлж буй.

Нөгөө талаас, олон нийтэд нөлөөлж буй хүмүүс, влогчид, оддын бүтээж буй амжилт, сайхан амьдралын талаарх дүр зураг ч залуусыг өглөө гүйх, хорт зуршлаа хаях, эрүүл, чанартай хүнс хэрэглэх шалтгаан болж байна.

Х.Инга

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.