Зуны Олимпийн 32 дахь удаагийн наадам энэ зун Япон улсын нийслэл Токио хотод зохион байгуулагдахаар товлогдсон билээ. Гэвч Ковид-19 коронавирусийн халдвар дэлхийн 70 гаруй оронд тархаж, тэр дундаа Япон улсад халдварын 293 тохиолдол илэрч, зургаан хүн нас барсан.
Японы Олимпийн сайдын хэлснээр Токио 2020 Олимпийн наадам товлосон хугацаанаасаа хойшилж болзошгүй нөхцөл байдал үүсчээ. Хэрэв Олимпийг хойшлуулбал энэ зун биш, энэ оны сүүлээр зохион байгуулж магадгүй байгаа ажээ.
Тус улсын эрх баригчид Олон улсын Олимпийн хороотой холбоо барьж 32 дахь удаагийн зуны Олимпийн наадмыг 2020 он дотор багтаж зохион байгуулах талаар хэлэлцэж байгаа тухай мэдээлжээ. Тов ёсоор Токиогийн Олимп долдугаар сарын 24-өөс наймдугаар сарын 9-ний өдрийн хооронд зохион байгуулагдана. Наадмыг товлосон хугацаанд зохион байгуулахын тулд чадах бүхнээ хийнэ гэж Японы Засгийн газрын төлөөлөгч мэдэгджээ.
Харин Олон улсын Олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бах Токиогийн Олимпийг амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тиймээс Олимпод оролцох баг тамирчид бэлтгэл сургуулилалтаа завсарлалгүй үргэлжлүүлэх хэрэгтэй гэж зөвлөсөн байна.
Гэвч коронавирусийн халдвар тархсанаас хойш спортын олон арга хэмжээг хойшлуулах болон цуцлах шийдвэр гарсан билээ.
Эх сурвалж: BBC