БНХАУ-ын Ухань хотоос гаралтай “Ковид-19” буюу коронавирусийн халдвар өдгөө дэлхийн 73 оронд тархаж, өчигдрийн 11:00 цагийн байдлаар 90912 хүн халдвар авч, нас барсан хүний тоо 3000-г даваад байна. Харин манай улсын хувьд хугацаа алдалгүй шуурхай арга хэмжээ авсны хүчинд халдварын голомт болох Хятад Улстай 5000 гаруй км-ээр хиллэдэг ч өвчлөл илрээгүй байгаа юм. Гэвч сонор сэрэмж, хараа хяналт, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэвч сулруулж болохгүйг нөхцөл байдал харуулж буй. ЭМЯ-наас өчигдөр өгсөн мэдээллээр, нэгдүгээр сарын 6-наас хойш манай улс 810 хүнийг ажиглалтад авсан бөгөөд 401 иргэнийг тусгаарлажээ. Мөн өчигдөр өглөө Турк-Улаанбаатар чиглэлийн онгоцоор буусан иргэдээс 16-г нь тусгаарлаж, хяналтад аваад байна.
Түүнчлэн коронавирустэй холбоотой иргэдийг төөрөгдүүлэх төрөл бүрийн мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Иймээс Оном сангийн эрдэмтдийн баг АНУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн төвөөс коронавирусийн талаар гаргасан шинжлэх ухааны баттай мэдээллийг монгол хэлээр орчуулан хүргэж байгаа аж. Харин энэ вирусийн талаарх судалгаа, мэдээлэл хангалтгүй, цаашид хэрхэн тархах, ямар хор нөлөө учруулах нь тодорхойгүй гэдгийг эрдэмтэд онцолж байна. Иймээс коронавирусийн талаар бидний мэдэх хийгээд мэдэхгүй баримтуудыг хүргэе.
1. Коронавирус анх сарьсан багваахайнаас панголин, улмаар хүнд халдварласан байх магадлалтай
Коронавирусийн талаар хамгийн анх өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд Хятадын өвчний хяналтын төвөөс олон улсад мэдээлсэн байдаг. Уг вирус сарьсан багваахайнаас панголин гэх хайрст амьтанд, улмаар хүнд халдварласан байх хамгийн өндөр магадлалтай гэнэ. Түүнчлэн коронавирус нь 2002-2003 онд гарсан амьсгалын цочмог халтай хам шинж SARS өвчнийг үүсгэгч вирусийн нэг төрөл аж. SARS-ыг мөн л сарьсан багваахайнаас муураар дамжин, хүнд халдварласан гэж үздэг байна.
2. Хүнээс хүнд 1.8-2 метрийн зайд халдварлах боломжтой
Коронавирус өдгөө хүнээс хүнд халдварлан тархаж байгаа. Өөр хоорондоо ойрхон байгаа хүмүүсийн дунд халдвар тархах хамгийн өндөр эрсдэлтэй бөгөөд 1.8-2 метрийн зайд халдварлах боломжтой гэж үздэг. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиалгах эсвэл найтаах үед вирустэй шүлсээр халдварлана. Мөн вирус нь бие дааж амьдрах чадваргүй тул заавал хүн болон амьтны эстэй хамт буюу шүлс, нус, цэрээр дамжин халдварладаг байна.
3. Гараар дамжин халдварлана
Хүний биед өвчин үүсгэдэг бичил биетийн 90 орчим хувь нь бохир гараар дамжин хүнд халдварладаг гэнэ. Коронавирус ч мөн амьсгалын замаас гадна гараа тогтмол халдварлах боломжтой. Ялангуяа, вирустэй хүн ханиах, найтаах үедээ шүлс, нусаа ширээ болон бусад гадаргуу дээр унагаж, улмаар түүнд хүрсэн хүний гар бохирдож, гараа угаагаагүй үедээ хамар, нүдэндээ хүрснээр вирус халдварладаг. Улмаар амьсгалаар уушгинд хүрч үрэвсүүлэх магадлалтай. Иймээс шаардлага хангасан амны хаалт хэрэглэхээс гадна гараа тогтмол угаах хэрэгтэй. Амны хаалтыг халдвартай нь цэнхэр, сэргийлэх нь цагаан талаар зүүнэ гэдэг мэдээлэл нь ташаа юм.
4. Өвчний шинж тэмдэг илрээгүй хүн вирусийн халдвар тараах боломжтой
Халдварт өвчин нь далд, урьдал, ид, эдгэрэлтийн гэсэн үечлэлтэй. Бүх халдварт өвчин далд хэлбэрээр эхэлдэг. Зарим халдварын далд үе нь бусад үеэсээ илүү халдвар тараах нь бий. Тэгвэл коронавирусийн халдвар авч, өвчилсөн хүмүүс шинж тэмдэг илрэх үе буюу өвчин нь хүндрэх үедээ хамгийн их халдвар тараадаг байна. Түүнчлэн хүмүүст шинж тэмдэг илрээгүй үед халдвар тархахгүй гэсэн ойлголт байдаг. Тэгвэл коронавирусийн халдвар авсан хүмүүс өвчний шинж тэмдэг илрэхээс өмнө халдвар тараах боломжтой гэнэ. Шинэ коронавирусийн үед ийм тохиолдолууд мэдээлэгдэж байгаа боловч энэ нь халдвар тархах гол зам биш гэдгийг эрдэмтэд онцоллоо.
5. Илрэх шинж тэмдэг
Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн зарим нь хөнгөн зовиуртай байгаа бол өвчлөл хүндэрсэн хүмүүс нас барах тохиолдол буурахгүй байгаа. Тэгвэл уг вирусийн халдварын үед илрэх гол шинж тэмдэг нь халуурах, хуурай ханиалгах, амьсгал давчдах юм.
6. Нууц үе 2-14 хоног
АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв зэрэг олон улсын мэргэжлийн байгууллагын мэдээллээр коронавирусийн нууц үе буюу халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хүртэлх үеийг 2-14 хоног гэж үзэж байгаа аж. Үүнийг өмнө нь гарч байсан MERS-CoV вирусийн нууц үед үндэслэж гаргасан байна. Зарим тохиолдолд өвчний нууц үе 3-4 долоо хоног байх магадлалтай гэнэ.
7. Вакцин гараагүй
Одоогийн байдлаар коронавирусээс сэргийлэх вакцин гараагүй байна. Иймээс энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол уг өвчнийг үүсгэгч вирусийн халдвар авахгүй байх явдал юм. Ингэхдээ амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх өдөр тутмын аргыг хэрэглэхийг зөвлөж байна. Эдгээр аргыг зөвхөн өвчний тархалтын үед гэлтгүй амьдралын хэвшил болгох нь таныг болон гэр бүлийг тань ханиад, томуунаас сэргийлэхэд тусална.
8. Эмчилгээ байхгүй
Коронавирусийн эсрэг өвөрмөц эмчилгээ байхгүй. Халдвар авсан хүмүүст шинж тэмдгийн эсрэг буюу зовиурыг арилгахад туслах эмчилгээ хийж байгаа. Хүндэрсэн тохиолдолд, амин чухал эрхтний үйл ажиллагааг дэмжих эмчилгээ хийдэг аж. Олон орны судалгааны байгууллагууд, эрдэмтэд энэхүү шинэ өвчлөл гарснаас хойш уг вирусийг судлан, вакцин, эмчилгээ гаргахаар ажиллаж байна. Эдгээр судалгааны нэг хэсэг нь урьд нь өөр өвчин, вируст зориулан зохион бүтээсэн вакциныг өөрчлөн, энэ өвчинд зориулан хөгжүүлэх, өмнө нь судлагдаж байсан эмийг эмчилгээнд хэрэглэн эмнэлзүйн судалгаагаар үр дүнг нь тогтоохоор зорьж буй юм.
9. Коронавирусийн 56 судалгаа бүртгэгджээ
Эмнэлзүйн судалгааны олон улсын сангийн бүртгэлээс харахад, коронавирусийн 56 судалгаа бүртгэгдсэн бөгөөд судалгааны ажил янз бүрийн шатанд яваа аж. Энэ бүртгэлд эмч нарын олон жилийн туршид хэрэглэж ирсэн кортикостеройд, интерферон зэргээс эхлээд вирусийн эсрэг эмүүд болох ремдесивир, лопинавир болон ритонавирын хосолсон зэрэг олон төрлийн эмчилгээг судалж байгаа юм байна.
10. Шинж тэмдэг илэрвэл хаана хандах вэ
Хэрэв та сүүлийн 14 хоногт халдварын тархалттай орнуудад аялсан, мөн танд ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл өөрийгөө тусгаарлаж, ХӨСҮТ-ийн 100, 8008-6829, ЗӨСҮТ-ийн 7028-4393, 103, СЭМҮТ-ийн 1800-2000, ЭМЯ-ны 11-323002 утсанд хандаарай.
11. Урьдчилан сэргийлэх арга
• Өвчтэй хүмүүстэй ойр дотно харьцахаас зайлсхийх.
• Бохир гараар нүд, хамар, амандаа хүрэхээс зайлсхийх.
• Өвдөж байхдаа гэртээ байх.
• Ханиалгах эсвэл найтаахдаа сальфеткаар хамар, амаа дарах, дараа нь сальфеткаа хогийн саванд хаях.
• Байнга хүрдэг гадаргуу, эд зүйлсийг цэвэрлэгч бодис ашиглан тогтмол цэвэрлэх.
• Амны хаалтаа зөв зүүх.
• Гараа савандаж хамгийн багадаа 20 секунд угаах хэрэгтэй. Ялангуяа, угаалгын өрөөнд орсны дараа, хоол идэхээс өмнө, нусаа нийсний дараа, ханиалгах эсвэл найтаасны дараа гараа заавал угаагаарай.
• Хэрэв саван, ус бэлэн биш байвал 60 хувиас дээш спиртийн агууламж бүхий гар ариутгагч бодис хэрэглэх хэрэгтэй. Таны гар илт бохир байвал заавал савандаж угаагаарай.
С.Эрдэнэ