Дэлхийн банк Ковид-19 коронавирустэй тэмцэхэд хөгжиж буй орнуудад 12 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгдсэн байна. Яаралтай тусламжийн сангийн мөнгийг бага хүүтэй зээл олгох, хандивлах, техникийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд зарцуулах ажээ.
Коронавирусийн халдвар тархсан улс орнуудын удирдагчид вирусийн тархалтын улмаас эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгааг мэдэгдсэний дараа яаралтай тусламж үзүүлэх шийдвэрийг Дэлхийн банк гаргажээ. Тусламж авсан улс орнууд олон нийтийн эрүүл мэндийн хямралыг даван туулах, эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулахын тулд хувийн салбарынхантай хамтран ажиллахад анхаарал хандуулна.
Ковид-19 коронавирусийн халдвар дэлхийн 70 гаруй оронд тархсан бөгөөд ядуу буурай болон өндөр эрсдэлтэй улс орнуудад тусламжийн мөнгийг нэн даруй хуваарилах ажээ. Дэлхий даяар 93,000 орчим хүн уг вирусээр халдварлаж, 3,168 хүн нас бараад байна. Халдварлагсдын тэн хагас орчим нь буюу 48,000 гаруй нь эдгэжээ.
Эх сурвалж: ВВС