Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагалдан 30 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах учиртай.Тэдгээр хуулиудын төслийг боловсруулах, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах үүрэг бүхий ажлын хэсгүүд ажиллаж байна.
Энэ удаад Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын талаар ажлын дэд хэсгээс боловсруулсан танилцуулгыг сонсож, санал солилцсон байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын ангилал тогтоож, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим эрх мэдэл, чиг үүргийг шилжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн. Ингэснээр Орхон, Дархан-Уул аймгууд бие даасан хот болох боломж бүрдээд байгаа юм.
Тэгвэл Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нийт 7 бүлэг, 83 зүйлтэй байхаар боловсруулжээ. Ингэхдээ өмнөх хуульд хамгийн их давхцал, хийдлийг үүсгэж байсан чиг үүрэг, бүрэн эрхийн асуудлыг зохицуулж, улс болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны зааг ялгааг нарийвчлан тусгасан байна.
Тухайлбал, одоогийн байдлаар хот нь хуулиар тодорхойлсон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий тусгайлан олгогдсон эдэлбэр газартай, хот бүрдүүлэгч дэд бүтэц, эдийн засгийн чадавхтай, гэрээгээр шижлүүлсний дагуу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг хэрэгжүүлэх нийтийн эрх зүйн этгээд (оро нутгийн корпораци) мөн.
Харин тосгон нь өөрийн удирдлага бүхий, 2000-аас доошгүй байнгын оршин суугчтай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, аялал жуулчлал, амралт, сувилал, тээвэр, худалдаа зэрэг салбарын аль нэг хөгжсөн, хотын зарим шинжийг агуулсан сууриан газар (орон нутгийн кордораци) мөн гэж төсөлд тусгасан.
Улмаар хот, тосгоны өөрийн удирдлагын байгууллага нь оршин суугчдаас шууд, чөлөөтэй, саналаа нууцаар гаргах эрхийн үндсэн дээр сонгосон хот, тосгоны Зөвлөл байхаар төсөлд тусгажээ. Таван жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлэх дээрх Зөвлөлийн гишүүнд улс төрийн нам нэр дэвшүүлж оролцохгүй бөгөөд тосгонд 100-аас доошгүй, хотод 500-аас доошгүй оршин суугчийн дэмжлэг авсан иргэн хот, тосгоны Зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэхээр төсөл тусгасан байна.
Уг хуулийн төсөлд эдэлбэр газар, хилийн цэс, хот, тосгоны хүн амын тоо, хөгжлийн төлөвлөлт, засаг захиргааны нэгж, хот тосгоны удирдлага зэрэг хэд хэдэн асуудлыг дахин нягталж тусгах шаардлагатайг ажлын хэсгийнхэн онцолсон байна.