БНСУ-ын Дэгү, Умард Гёнсан муж улсын хэмжээнд нийт халдвар авсан өвчтөнүүдийн 88 хувийг эзэлж байгаа бөгөөд үлдсэн хувь бусад 7 муж, хотод хамаарч байна.
Дэгү, Умард Гёнсан муж нь халдварын хамгийн эрсдэлтэй бүс болж байгаа бөгөөд халдварын тархалтын байдалд хийсэн дүн шинжилгээнд үндэслэн Шинчонжи сүмийн сүсэгтнүүд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд, мөн харилцаанд орсон сэжигтэй тохиолдлуудыг илрүүлэн тогтоох, тусгаарлах зэрэг арга хэмжээ авч байна.
Халдварын тархалт хурдацтай нэмэгдэж буйтай холбоотойгоор эмнэлгийн байгууллагууд “хохирлыг багасгах тѳлѳвлѳгѳѳ” гаргаж ажиллаж байна. Өвчтөнүүдийг хэвтүүлэх эмнэлэг, ор хүрэлцээгүй байгаа тул хөнгөн шинж тэмдэгтэй өвчтөнүүдийг гэрт нь тусгаарлаж зайнаас эмчийн хяналт тавьж байна. Гэртээ тусгаарлагдсан иргэдийг өдөрт хоёр удаа шалгаж байгаа бөгөөд хэрэв шинж тэмдэг нь хүндэрсэн бол яаралтай эмнэлэгт хэвтүүлэх арга хэмжээ авч байна.
Шинжилгээгээр халдвар авсан нь тогтоогдсон өндөр эрсдэлт бүлэг /65-аас дээш настай, жирэмсэн, суурь хүнд өвчтэй иргэд/-ийг нэн тэргүүнд эмнэлэгт хэвтүүлж эмчилгээнд хамруулах чиглэл барьж ажиллаж байна. БНСУ-ын хэмжээнд 56 халдварын мэргэжлийн эмнэлэг ажиллаж байгаа ба цаашид оношилгоо, эмчилгээний сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий нэгдсэн эмнэлэг, их, дээд сургуулийн дэргэдэх эмнэлгүүдэд “дундаас дээш түвшний” хүндрэлтэй ѳвчтнүүдийг эмчлэх боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Ойрын хугацаанд коронавирусийн халдвар авсан өвчтөнүүд хэвтэж эмчлүүлэх эмнэлгийн хүчин чадлыг 1600 ороор нэмэгдүүлэхээр болжээ.
Одоогийн байдлаар Дэгү хотод Шинчонжи сүмийн 9,000 гаруй сүсэгтнийг гэрийн тусгаарлалтад аваад байна. Сүсэгтнүүдээс халдварын шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг нэн тэргүүнд шинжилгээнд хамруулж, үлдсэн хүмүүсийг хуваарийн дагуу гэрээр нь очиж шинжилгээ авч, шаардлагатай тохиолдолд тусгаарлах арга хэмжээг авч байгаа гэнэ.
Энэ сарын 2-ны байдлаар Шинчонжи сүмийн сүсэгтнүүдээс шинжилгээгээр 2,300 хүнд халдвар илэрсэн. Энэ сарын 3-ны 00:00 цагийн байдлаар Шинчонжи сүмийн сүсэгтнүүдэд халдварын шинж тэмдэг илэрсэн эсэх анхан шатны оношилгоог 98.7 хувь буюу 192,634 хүнд (нийт 195,162) хийж гүйцэтгэсэн. Эдгээрээс халдварын эхний шинж тэмдэг илэрсэн иргэдийн 49.6 хувьд нь коронавирусийн шинжилгээ хийсэн.
Улс даяар бүх цэцэрлэг, бага, дунд, ахлах сургуулийн хичээлийг гуравдугаар сарын 23-ны өдөр хүртэл сунгажээ. Халдварт өвчнийг даван туулахад юуны түрүүнд ард иргэдийн дэмжлэг, хариуцлага чухал байна. Хүн бүр хувийн ариун цэврийн сахиж, эрүүл мэндийн зөвлөмжийг мөрдөж, өөрийгөө болон гэр бүл, ойр дотнын хүмүүсээ хамгаалахыг та бүхнээс хүсье хэмээн БНСУ Хорио цээрийн албаны мэдээлэлд дурджээ.