СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: О.Зоригт: Болгоомжгүйгээр буу алдсаны улмаас цагдаагийн алба хаагчийн амь эрсэдлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

ЦЕГ-аас 2020 оны хоёрдугаар сард гарсан гэмт хэргийн нөхцөл байдал, сар шинийн өдрүүдэд гарсан гэмт хэргийн талаар мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга О.Зоригт:

Монгол Улсад хоёрдугаар сард бүртгэгдсэн гэмт хэргийн статистик мэдээллийн тоймыг хүргэе. Он гарснаас хойш 6745 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 9.3 хувиар буурсан үзүүлэлт болж байна. Нийт гэмт хэргийн 65 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Хүний амь насыг хөнөөх хэрэг 40 хувь, эрүүл мэндийг хохироох хэрэг 40.9 хувь, гэр бүлийн хүчирхийлэл 83 хувиар, хүчингийн гэмт хэрэг 36.8 хувиар тус тус буурчээ. Хулгайлах гэмт хэрэг 6, дээрэмдэх гэмт хэрэг 18 хувиар буурсан байна.

Нийт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 62 хувийг хулгай, дээрэм, залилан эзэлж байна. Гэмт хэргүүдийн 30 хувь нь шөнийн цагаар, тэр тусмаа айлын гэрт үйлдэгдлээ. Гэмт хэргийн 49 хувь нь нууц далд аргаар үйлдэгдсэн байх бөгөөд тэрхүү гэмт хэргийн илрүүлэлт 19.7 хувийн үзүүлэлттэй байна.

Сар шинийн өдрүүд буюу битүүний өдрөөс шинийн 3-ний өдрийг хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн байдалд ажиллаж 6819 дуудлага мэдээлэл хүлээн авлаа. Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдол өнгөрсөн оныхоос 7.2 хувиар өсчээ. Хэдийгээр хүмүүс гэр орондоо шинэлсэн боловч ахуйн хүрээнд архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн байна. Мөн зам тээврийн осол 54 хувиар, гэр бүлийн хүчирхийлэл 30 хувиар буурсан үзүүлэлт гарлаа. Ерөнхий дүгнэлт хийхэд гэм хэргийн гаралт сүүлийн хоёр жил дараалан буурч, эерэг хандлага төлөвшиж байна. Гэмт хэргийн гаралт огцом буурсан нь хорио цээрийг тогтоосон байсантай холбоотой байх.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд:

Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс гуравдугаар сарын 23-ны өдрийн хугацаанд зам тээврийн нөхцөл байдал ямар байсан талаар мэдээлэл өгье.

20 мянган тээврийн хэрэгслээр 74 мянган хүн орж ирсэн бол эсрэгээрээ 14 мянган тээврийн хэрэгслээр 34 мянган хүн хөдөө орон нутаг руу гарлаа.

Ард иргэд зам тээврийн хөдөлгөөнд соёлтой, дүрмийн дагуу оролцсон учраас хүний амь нас хохирсон осол өнгөрсөн хоногт бүртгэгдсэнгүй. Цагдаагийн албан хаагчид 179 хүн хурд хэтрүүлснийг тогтоож тус бүр 50 мянган төгрөгөөр торголоо. Хүн хэтрүүлэн тээвэрлэсэн 102 зөрчлийг илрүүлж арга хэмжээ тооцлоо. Хүүхдийг буруу тээвэрлэсэн 50 эцэг эхэд арга хэмжээ авлаа.

ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга О.Зоригт:

Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын тасгийн алба хаагчид ажлаа хүлээлцэх үедээ болгоомжгүйгээр сум алдаж нэг албан хаагч шархадсан. Уг алба хаагчийн амь насыг аврахын тулд нисдэг тэргээр авчирч, боломжит бүх эмчилгээг ес хоногийн турш хийсэн боловч тухайн алба хаагч маань гуравдугаар сарын 02-ны өдөр амь насаа алдлаа. Энэ асуудалтай холбогдуулан тухайн хэргийг АТГ-аас шалгаж байна. ЦЕГ-аас албаны шалгалт хийж дүгнэлтээ гаргасан. Жижүүрийн өрөө камерын хяналттай учраас бүх зүйл бичигдэн үлдсэн. Цэвэр болгоомжгүй үйлдлээс шалтгаалан энэ үйлдэл гарсан.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.