Иран улсад Ковид-19 коронавирусийн халдвараар 2,336 хүн халдварлаж, 77 иргэн нас бараад байна. Тус улсын Засгийн газар вирусийн тархалтыг намжаахын тулд хорих газарт ял эдэлж байсан 54,000 хоригдлыг түр хугацаагаар суллах шийдвэр гаргажээ. Эдгээр хоригдлуудыг түр хугацаанд сулласнаар хэт олон хэрэгтэн нэг дор хоригдож байсан шоронгуудын ачаалал буурна гэж үзсэн байна.
Тэдгээр суллагдсан хоригдлуудад коронавирусийн халдварын шинжилгээ хийхэд сөрөг гарчээ. Тав болон түүнээс дээш жилийн хорих ял сонссон хоригдлуудыг бүрмөсөн суллаж тавиагүй гэдгийг эрх баригчид анхааруулсан байна.
Иран улсын Эрүүл мэндийн яамнаас сүүлийн өдөрт Ковид-19 коронавирусийн халдварын тохиолдол хоёр дахин нэмэгдсэнийг мэдээлжээ. Афганистан, Канад, Ливан, Пакистан, Кувейт, Бахрейн, Ирак, Оман, Катар, Арабын нэгдсэн эмирт улсуудад илэрсэн халдварын тохиолдлууд бүгд Иран улстай холбоотой байна. Тиймээс вирусээр халдварлагсдын тоо одоо мэдэгдэж байгаагаас хэд дахин их байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлж байгаа юм.
Халдвар авсан хүмүүсийн дунд Ираны өндөр дээд албан тушаалтнууд багтжээ. Тухайлбал Парламентын 290 гишүүний 23 нь вирусийн сорил эерэг гарсан байна. Түүнчлэн Ираны яаралтай түргэн тусламж үзүүлэх газрын дарга Пирхоссейн Коливанд халдвар авсан нь тогтоогджээ. Улсын дээд удирдагч Аяатолла Аль Хаменейн зөвлөх, ойрын холбоотой байсан 71 настай Моахаммад Мирмохаммади коронавирусийн улмаас нас барсан байна.
Өнөөдрөөс эхлэн улс орон даяар коронавирусийн халдвар илрүүлэгч дэлгэцийг ашиглахаар болжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийн баг даваа гарагт Иран улсад тусламж үзүүлэхээр ирсэн байна.
Эх сурвалж: ВВС