Улаанбаатар хот руу орж, гарах авто замын хөдөлгөөн нээснээс хойш найман хяналтын цэгт ачаалал үүссэн байдалтай байна. Хамгийн их ачаалттай хяналтын цэгээр Сонгинохайрхан дүүргийн Эмээлт шалган нэвтрүүлэх цэг буюу 22 товчоо хамгийн их ачаалалтай байгаа юм. Өдрийн 16 цагийн байдлаар тус шалган нэвтрүүлэх цэгээр нийт 5152 тээврийн хэрэгсэл, 15910 зорчигч орж, гарсан байна. Үүнээс хот руу орсон 2637 тээврийн хэрэгсэл, 8265 зорчигч байгаа бол 2515 тээврийн хэрэгсэл, 7645 зорчигч нийслэлээс гарчээ.
Мөн нийслэлийн зүүн товчоо буюу Налайхын шалган нэвтрүүлэх цэгээр мөн 16 цагийн байдлаар нийт 3033 тээврийн хэрэгсэл, 13378 зорчигч орж, гарсан байна. Үүний 1750 тээврийн хэрэгсэл 10950 зорчигч нийслэл рүү нэвтэрсэн бол 1283 тээврийн хэрэгсэл, 2425 зорчигч Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөн хийжээ.
Нийслэл рүү чиглэсэн болон гарах хөдөлгөөн ачаалалтай хэвээр байгаа бөгөөд энэ байдал хоёр хоног үргэлжлэх төлөвтэй байгааг албаны эх сурвалж хэлсэн юм.
Тээврийн цагдаагийн алба болон Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Эрүүл мэндийн байгууллагын алба хаагч нарт шалган нэвтрүүлэх цэгүүдэд үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Түүнчлэн хот хоорондын нийт 51 чиглэлд 164 тээврийн хэрэгслээр 6888 зорчигч замд зорчиж байна. Үйлчилгээний заал болон тээврийн хэрэгслийн халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, тээвэрлэлт эхлэхээс өмнө авто буудлуудын эмч нараар зорчигчдын биеийн дулааныг хэмжиж, ариутгалын бодисоор ханган, асуумжийг бөглүүлэн ажиллаж байна. Өнөөдөр 14:30-16:30 цагийн хооронд зам дундын хяналтын постоор 50 тээврийн хэрэгслээр 1186 зорчигч дамжин өнгөрсөн. Жолооч, зорчигчдын биеийн дулааныг нэг бүрчлэн хэмжсэн бөгөөд илэрсэн зөрчилгүй болно. Цаг агаар: Нийт нутгаар цаг агаар тогтуун, зам даваа саадгүй байна.