Орхон аймгийн Жаргалант сумын нутагт өнөөдөр /2020.03.03/ 15:00 цагийн орчимд 5.0 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Энэ талаар Одон орон, Геофизикийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан М.Оюун-Эрдэнэ “Орхон аймгийн Жаргалант сумаас баруун урагш зургаан км-т 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Дахин давтан хөдлөлт болоогүй” гэсэн юм.
Газар хөдлөлтийн чичирхийлэл Орхон аймгийн төвийн иргэдэд мэдрэгдсэн байна.
Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын орлогч Л.Учрал “Хүчтэй газар хөдлөлт 5-6 секундын хугацаатай мэдрэгдсэн. Зарим байшинтай айлуудын зургийн жааз далийсан байна гэсэн. Одоогоор газар хөдлөлтийн улмаас хохирол учирсан гэх мэдээлэл ирээгүй байна” гэлээ.
2020 он гарсаар улсын хэмжээнд 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл есөн тохиолдол бүртгэгдсэн. Энэ сарын 03-ны өдрийн байдлаар Орхон аймгийн Жаргалант суманд 1 тохиолдол бүртгэгдсэн байна.