АНУ-ын Калифорни мужийн Сан Хосегийн дүүргийн шүүхээс Apple компанийг шинэ загварын гар утаснуудынхаа борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд хуучин загварын гар утаснуудын хурдыг санаатайгаар удаашруулсан гэж үзлээ. Тиймээс Apple компани багадаа 310 сая, ихдээ 500 сая ам.долларыг хуучин загварын iPhone гар утасны хэрэглэгчдэд нөхөн төлбөрт олгохоор болжээ. Шүүхийн гаргасан шийдвэрийн дагуу эдгээр гар утас хэрэглэгч тус бүрт 25 ам.долларыг компаниас олгох ажээ.
Тодруулбал хэрэв та АНУ-д амьдардаг ба 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө худалдаж авсан iPhone 6, 6 Plus, 6S, 6S Plus, 7, 7 Plus загварын гар утас ашигладаг бол Apple компаниас нөхөн төлбөр авах эрхтэй.
2017 оны 12 дугаар сард Apple ухаалаг гар утаснууддаа программ хангамжийн шинэчлэл хийж хуучин iPhone-ууд уг шинэчлэлийг хийх боломжгүй болсноор хурд нь удааширсан байна. Удалгүй хэрэглэгчид болоод технологийн шинжээчид шинээр үйлдвэрлэсэн гар утсаа борлуулах гэсэн явуургүй арга байсан хэмээн бухимдаж эхэлсэн юм.
Гэвч компанийн зүгээс хуучин загварын гар утаснуудын цэнэг хураагуур лити-ионоор хийгдсэн учир эд ангиа хамгаалахын тулд гэнэт унтрах, хурдаа алдах зэрэг үйлдэл гарсан хэмээн тайлбарласан юм. Дараа нь Apple-ын гүйцэтгэх захирал Тим Күк хэрэглэгчдээсээ уучлалт гуйж цэнэг хураагуураа солихыг зөвлөсөн билээ. Apple-ын дээр дурдсан гар утаснуудын цэнэг хураагуурыг 79 ам.доллараар сольж байсан бол үнийг нь хямдруулж 29 ам.доллараар сольж байсан юм.
Эх сурвалж: CNN