Улс, хотын хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өглөөний 06:00 цагаас нээсэнтэй холбоотойгоор Улаанбаатар-орон нутаг, орон нутгаас-Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн буурахгүй байна.
Тээврийн цагдаагийн албанаас 12:00 цагт өгсөн мэдээллээр шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдээр орж ирж буй зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор “ЗОРЧИГЧИЙН АСУУМЖИЙН ХУУДАС”-бөглүүлж байгаа тул тухайн хэсгүүдэд хөдөлгөөний ачаалал, хүлээгдэл бий болж байна. Тиймээс та бүхэн аль болох өнөөдөр орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулсан юм.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 22 товчоон дээр баруун аймгаас ирж байгаа тээврийн хэрэгслийн ачаалал их байна. 22 товчооны хувьд гурван гарцаар орон нутгаас ирж байгаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлж байгаа бол нийслэлээс орон нутаг руу гарч байгаа тээврийн хэрэгслийг зургаан гарцаар нэвтрүүлж байгаа юм.
Учир нь үдээс өмнө нь нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөн их байсан бол үдээс хойш орон нутгаас нийслэл рүү орж ирж байгаа хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байна хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Товчоогоор орж ирж байгаа тээврийн хэрэгслийг нэг бүрчлэн бүртгэхээс гадна зорчигч бүрээс асуумж асуун эрүүл мэндийн үзлэг хийж байгаа тул нэг тээврийн хэрэгсэлд 5-15 минут зарцуулж байгаа юм. Иймд өнөөдөртөө хөдөө орон нутгаас нийслэл хот руу зорчихгүй байхыг анхааруулав. Учир нь хөдөлгөөний ачаалал их байгаа учраас тээврийн хэрэгслүүд 2-4 цаг хүлээж нэвтэрч байгаа ажээ.