Европын хамгийн жижиг улс орнуудын нэг Люксембургэд энэ сараас эхлэн галт тэрэг, тарамвай, автобус гэсэн нийтийн тээврийн хэрэгслүүд үнэ төлбөргүй үйлчилж эхэлсэн билээ. Үндсэн хуульт хаант засаглалтай жижиг улсад автозамын түгжрэл эрх баригчдыг сэтгэл түгшээсэн гол асуудал болсон тул нийтийн тээврийг үнэгүй болгосноор автозамын түгжрэл арилна гэж үзжээ. Автозамын түгжрэлийг бууруулахаас гадна хүрээлэн буй орчинд ээлтэй гэж нийтийн тээврийг үнэгүй болгосон дэлхийн анхны Засгийн газраас мэдэгдсэн байна.
Люксембург нь далайд гарцгүй жижиг улс хэдий ч Европ дахь чинээлэг улс орнуудын нэг юм. Европын Холбооны улс орнууд дунд нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээгээрээ тэргүүлдэг. Нийт 2,586 км кв газар нутагтай улсын нийслэл Люксембург хотоос Бельги, Франц, Герман руу машинаар цагийн дотор л хүрнэ. Хөрш зэргэлдээх улс орнуудаас өдөр тутам 180,000 хүн Люксембург хотод ажиллахаар ирдэг. Эдийн засаг нь огцом өсч, ажлын байр нэмэгдэх нь хэт их ачаалал, бөөгнөрлийг үүсгэж байна гэж Люксембургийн их сургуулийн профессор Жеофри Карусо тайлбарлажээ.
2016 онд эндэхийн 1,000 хүн тутамд 662 автомашин оногдож байжээ. Тус жилд хийсэн судалгаагаар жолооч нар дунджаар 33 цагийг замын түгжрэлд өнгөрөөдөг гэсэн байна. Энэ нь Копенгаген, Хельсинки зэрэг ижил хэмжээтэй хотуудтай харьцуулахад 10 орчим цагаар илүү байгаа юм. Эдгээр хотуудад жолооч нар 24 цагийг түгжрэлд зарцуулдаг гэсэн судалгаа бий.
Люксембург улс жил бүр нийтийн тээврийн хэрэгслийн тасалбараас 46 сая ам.долларын ашиг олдог ч эргээгээд 562 сая ам.долларыг зарцуулдаг байна. Тиймээс нийтийн тээврийн хэрэгслийг үнэгүй болгох нь төсвийн алдагдалд оруулах эрсдэл бага ажээ.
Эх сурвалж: CNN