Аргентин улсын Ерөнхийлөгч Альберто Фернандез үр хөндөлтийг хуульчлан зохицуулах саналыг дэмжсэн бөгөөд саналаа Конгресст хүргүүлснээр ирэх 10 хоногийн хугацаанд тус улс үр хөндөлтийг хуулийн дагуу зөвшөөрсөн Латин Америкийн анхны улс болох ажээ.
Өнгөрсөн жилийн 12 дугаар сард тангараг өргөсөн Аргентин улсын төрийн тэргүүн үр хөндөлт нь нийгмийн эрүүл мэндэд хамааралтай чухал сэдэв гэдгийг онцолж байсан юм. Тус улс Өмнөд Америкийн бусад орнуудын адил үр хөндөлтийг хориглодог ба бусдад хүчирхийлүүлсэн болон эхийн эрүүл мэнд аюулд орсон цөөн тохиолдолд зөвшөөрдөг ажээ.
Альберто Фернандезийн хэлснээр “ард түмнээ, тэр тусмаа эмэгтэйчүүдээ улс орон хамгаалах ёстой. 21 дүгээр зуунд аль ч нийгэм хувь хүний сонголт, эрх чөлөөтэй шийдвэр гаргах эрхийг хүндлэх ёстой” гэжээ. Үүнээс гадна Ерөнхийлөгч Фернандез бэлгийн боловсролын хөтөлбөрийг илүү өргөн цар хүрээтэйгээр, хүртээмжтэй байдлаар хэрэгжүүлэхээ амлаад байгаа юм.
Тус улс 2018 онд жирэмсний эхний 14 долоо хоногт үр хөндөж болохыг хуулиар зөвшөөрөхийг оролдсон ч Сенатын танхимд дэмжлэг аваагүй учир зогссон байна. Харин энэ удаад Ерөнхийлөгч саналыг дэмжиж буй нь ихээхэн найдлага төрүүлж байгаа юм.
Эх сурвалж: ВВС