Халдвар тархсан бүс нутгаас ирсэн иргэдийг тусгаарлах талаар дөнгөж яригдаж байх үед үйл ажиллагаагаа эхлээ ч үгүй байсан "Асралт мед" эмнэлгийн удирдлагууд "Тусгаарлах иргэдийг хүлээн авахад бэлэн" гэдгээ илэрхийлж, бусад аж ахуйн нэгжүүдэд үлгэр жишээ болж байсан. Нийгмийн хариуцлагаа ухамсарлсан дээрх үйл явдалд ард иргэд төдийгүй төрийн байгууллагууд удаа дараа талархал илэрхийлэн, "Асралт мед шиг байх хэрэгтэй" хэмээн сайшааж байсан билээ.
БНСУ болон Япон улсаас ирсэн эхний ээлжийн иргэдээс 32-ыг тус эмнэлэгт 14 хоногийн хугацаатай тусгаарлан шинжлээд, ямар нэгэн халдвар илрээгүй тул сар шинийн өмнөхөн гаргажээ. Одоо хоёрдугаар ээлжийн 37 иргэн тусгаарлагдаад байгаа юм байна.
Харин тус эмнэлэгт тусгаарлагдсан хоёрдугаар ээлжийн иргэдээс танхайрч, эмнэлгийн цонх хагалсан гэх яриа гараад байгаа юм. Энэ талаар бид тус эмнэлгээс тодруулахад "Цонх хагалсан тохиолдол гараагүй. Харин хаалга үүд эвдлэх шахсан тохиолдол бий" гэлээ.
Монголд төдийгүй дэлхий даяар цочролд орж, дээр дооргүй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа энэ үед корона вирусийн голомттой бүс нутгаас ирсэн иргэдийг 14 хоногийн хугацаанд тусгаарлаж байгаад талархах иргэн олон байхад эсэргүүцэл үзүүлж, эмнэлгийн албан хаагчидтай зүй бусаар харьцах явдал ч "Асралт мед"-д багагүй тохиолдоод байгаа аж.
"Агааржуулагчгүй өрөөнд орууллаа", "Тамхины өрөө гаргаж өг", "Эмнэлгийн хоол бус, эргэлтийн хоол авч баймаар байна", "2-3-уулаа биш, ганцаараа тусдаа хэвтэж болох уу" гэх зэрэг хүлээн авахад бэрхтэй шаардлагуудыг зарим иргэд гаргаж байгаа нь эмнэх, сувилах ажилд хүндрэл учруулж байгаа гэнэ. Өвчтэй хүн эдгэхийн төлөө хүлээцтэй ханддаг бол эрүүл гэж өөрийгөө бодсон хүмүүсийг хэвтүүлэн тусгаарлана гэдэг гахай хариулсан хүн уураа бардаг гэгчийн үлгэр болоод байгаа бололтой.
"Асралт мед" нийгмийн хариуцлагаа ухамсарлан, энэ гамшигт өвчнийг намдан намдтал үүргээ биелүүлэх бололтой. Удахгүй, гурав, дөрөвдүгээр гэхчлэн ээлжийн хүмүүсийг хүлээн авна. Үүндээ ч "Асралт"-ынхан цааргалахгүй нь гарцаагүй. Харин энэ хугацаанд алдсан боломж, санхүүг нимгэлэхэд төр засгаас ямар арга хэмжээ авах юм бол? Үйл ажиллагаагаа эхлээгүй, нэг удаад 100 өвчтөн хэвтэн эмчлүүлэх хүчин чадалтай эмнэлэг шүү дээ.