СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-03-02

Хөл хорио тогтоосон өдрүүдэд хөдөө ажилласан тэмдэглэл

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Төр засгийн шийдвэр гарч сар шинийн битүүний өдрөөс эхлэн гуравдугаар сарын 03-ны өдрийг хүртэл хот хоорондын зорчигч хөдөлгөөнийг хязгаарласан билээ. Дэлхий нийтийг айдаст автуулаад буй COVID19 халвдарт өвчний эсрэг манай улс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авч, дэлхийн хөгжингүй орнуудад үлгэр жишээ болоод буйн нэг илрэл нь сар шинийн өдрүүдэд тогтоосон дээрх хөл хорионы жишээ юм.

Манай LIVETV-ийн сурвалжлах баг шинийн гуравны өглөө эрт буюу 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өглөө эрт УОК-оос олгосон бичгийг өвөртлөн албан ажлын хойшлуулашгүй томилолттойгоор Орхон аймгийг зорьсон юм. Хөдөө орон нутагт тогтоосон хөл хорионы үеэр иргэд хэрхэн үүргээ биелүүлж байгаа болон холбогдох албаныхан хэрхэн ажиллаж буйг сурвалжилсан тэмдэглэлээ хүргэе. 

Биднийг 26-ны өглөөний 10:00 цагийн орчимд шинэ 22-ны товчоогоор гарахаар очиход харьцангуй хөл хөдөлгөөн багатай байв. Цагдаа, онцгой, эмнэлгийн 10 шахам ажилтан ирж шалгалт хийлээ. Тэд албан бичиг дээрх хүмүүсийн овог нэр, регистрийн дугаарыг иргэний үнэмлэхний хамт шалгасан бөгөөд машиндаа өөр хэн нэгнийг суулгаж яваа эсэхийг зөвхөн амаар лавлаж, халуун үзсэний эцэст гарах зөвшөөрөл олгов. 

Улаанбаатар хотын эргэн тойрон дахь найман постод шалгалт хийж буй тухай мэдээлэл гарсны дагуу биднийг "байцаах" дараагийн шалгалт "61-ын гарам" дээр байгаа гэж ярилцлаа. Хүй 7 худгийн замаар давхисаар "61-ын гарам"-д тулж очсон хэдий ч зөвхөн хотоос төв замаар ирж буй машинуудыг шалгаж байгаа бололтой, биднийг "яв, яв" хэмээн дохьсон юм. 

Бид цааш давхисаар Төв аймгийн Баянчандмань сумын цагдаагийн пост дээр ирэхэд мөн л 5,6 цагдаа, эмнэлгийн ажилтнууд ирж бичиг баримт байцаан, халууны үзлэг хийлээ. Энд сумаас Улаанбаатар хотын зүг гарах гэсэн нэг жижиг тэрэг байсан бөгөөд ямар нэгэн зовлон тоочиж байгаа харагдсан ч цагдаагийн ажилтан зөвшөөрөхгүй байгаа бололтой, постоор гаргасангүй. Ийм жишээ замд тааралдсан пост бүр дээр ганц нэг тааралдаж байлаа.  

Шалган нэвтрүүлэх товчоогоор дараах гурван тохиолдолд иргэдийг нэвтрүүлж буй аж.

Нэгдүгээрт, Ар гэрийн гачигдалтай буюу ойр тойрны хүн нас барсан гэх мэт

Хоёрдугаарт, Хүнд өвчтэй буюу гэнэтийн өвчин зовлон, төлөвлөгөөт хагалгаа гэх мэт

Гуравдугаарт, Орон нутгийн онцгой комиссийнхны бичигтэй иргэд

Шинийн гуравны өдөр буюу хөл хорио тогтоосноос хойш гуравхан хонож буй тул иргэд дээрх хоёр гачигдлын нэгийг тоочиж буй боловч сум орон нутгийн онцгой комиссоосоо бичиг авах аргаа олоогүй нь олон байсан. Пост дээр очоод гуйгаад гарчихна гэсэн ойлголттой очоод буцаж буй нь тэр. 

Улаанбаатар хотоос Орхон аймагт очих зуур бид нийт 11 шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтэрч гарсан бөгөөд /22-ын товчоо-Төв аймгийн Баянчандмань сум-Төв аймгийн Борнуур- Сэлэнгэ аймгийн Зүүнхараа- Баруунхараа-Дархан-Уул аймгийн Хонгор сум-Дарханы пост-Хөтөл-Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум-Орхон аймгийн цагдаагийн пост/ тэдний тав нь халуун хэмжиж, ганцхан Сэлэнгэ аймгийн Баруунхараа сумын цагдаагийн пост гар ариутгасан ба бүгд машинд сууж буй хүмүүсийн тоог асуусан хэрнээ хэн нь ч ирж машин нэгжсэнгүй гаргаж байлаа. 

Орхон аймагт гурван өдөр өнжиж ажлаа амжуулах зуур шинийн 5-ны өглөө аймгийн онцгой комиссоор орлоо. Дөрвөн ажилтныг тойрч 40 гаруй хүн шуугилдах бөгөөд тэд бүгдээрээ ямар нэг шалтгаантай тул Улаанбаатар хот руу явах ёстойгоо тайлбарлаж байв. 

Төр засгийн шийдвэр хоёрдугаар сарын 23-наас 27-ны өглөө хүртэл хөл хорио тогтоох шийдвэр гарсан тул иргэд энэ хооронд ажлаа төлөвлөсөн нь тодорхой. Гэтэл хоёрдугаар сарын 25-ны өдөр хуралдсан УОК-ийн хуралдаанаар хөл хориог гуравдугаар сарын 03-ны өдөр хүртэл "гэнэт" сунгасан нь ийнхүү бужигнаан үүсчээ. 

Орхон аймгийн иргэн Н "Би битүүний өмнөх өдөр Эрдэнэт дэхь гэртээ ирж амарч байна. Нөгөөдөр өглөө хуваарийн дагуу ажилтай тул Оюутолгой руугаа буцах ёстой. Гэтэл хөл хориог сунгачихлаа. Харин ажлын газраас маань энэ шалтгааныг хүлээж авахгүй. Би заавал буцах ёстой. Учраа хэлээд байхад аймгийн онцгой комисс тоохгүй байна. Ажлаасаа халагдчихвал хэн хариуцлагыг нь хүлээх юм бэ" хэмээн бухимдангуй ярьсан. Н тэй ижил шалтгаантай арав гаруй Оюутолгойн ажилчин тэнд байсан. 

Ташрамд дурдахад, гуравдугаар сарын 01-ны өдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар тогтоол баталж, ажил олгогчдод нааштай дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд: ажилчдынхаа НДШ болон татвараа төлж чадаагүй тохиолдолд оногддог алданги, торгуулийг авахгүй. Үүнийг зохицуулсан нэг удаад чөлөөлөх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх гэж буй аж. Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд түрээсийн төлбөрөө бууруулсан зах, худалдааны төвүүдийн түрээсийн орлогод ногдуулсан татварыг нэг удаад чөлөөлөх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлнэ. 

Харин ажилтнуудын хувьд хөдөө орон нутагт хөл хорионд хоригдсоноо баталсан тохиолдолд ажил тасалсанд тооцохгүй аж. 

Харин иргэн А хотод байх дүү нь нас барсан учраас яаралтай хот руу дуудагдсан гэсэн шалтгаан хэлсэн ч уг иргэний нас барсан гэрчилгээг хуулбараар ч хамаагүй үзүүл гэж онцгой комиссийн ажилтан шаардав. Бас нэгэн иргэнд хотын эмнэлэгт үзүүлэх зайлшгүй шалтгаанаа нотол гэсэн ч уг хоёр иргэн хаалга саван гарч одсон. 

Манай сурвалжлах баг хоёрдугаар сарын 29-ний өглөө Орхон аймгаас гарч Улаанбаатар хот руу буцлаа. Гэхдээ энэ удаад "машины эрлэг" болоод буй Дарханы замаар явахаас түвдэж Булган аймгийн Орхон сумаар дайрч баруун аймгуудын төв зам болон Дашинчилэнгийн чиглэлээр явахаар шийдсэн юм. 

Эрдэнэт хотоос баруун тийш гарсан цагдаагийн пост дээр нэг сайн шалгуулж аваад цааш Улаанбаатар хот хүртэл /Орхон-Булган аймгийн төвийн орох-гарах пост-Орхон сум-Булган аймгийн Дашинчилэн сумын орох-гарах пост-Баяннуур сум-Лүн сум-22-ын товчоо/ есөн пост дамжин шалгуулсан. 

Төв аймгийн Лүн сумын цагдаагийн шалгалт харьцангуй чанга байсан бөгөөд олон ч машин тэнд овоорсон байлаа. Биднийг хотоос гардаг өдөр буюу 26-ны өдөртэй харьцуулбал иргэдийг хөл хөдөлгөөн ихэсжээ. Ядаж л Дарханы замаар явсан шиг цор ганцаар "галгиулаагүй" нь таатай.

Лүнгийн шалган дээр бухимдсан иргэд нэлээн байв. Тэд анхлан тогтоосон хөл хорионы хугацаа дуусах өдөр буюу хоёрдугаар сарын 27-нд буцахаар төлөвлөсөн байсан ч гуравдугаар сарын 03 болгож сунгасан шийдвэрийг буруушааж байв. Яг ямар үндэслэлээр ажлын хоёр өдөр дамнасан шийдвэр гаргав. Өнгөрсөн долоо хоног амралт ихтэйн улмаас сар шинийн золгуут нэрээр иргэдийн хөл хөдөлгөөнийг хорьсон гэж ойлгосон. Гэтэл долоо хоног дуусаж, ажлын өдрүүд эхэлчихээд байхад гуравдугаар сарын 2,3-ны өдрүүдийг хүртэл хорьчихоор ажил төрөлтэй улс яах вэ гэх зэргээр бухимдаж байлаа. 

Нээрээ ч хөл хориог амралтын өдрүүдийг дуусгаад тавихгүй яагаад мягмар гараг хүртэл сунгасан юм бол гэж бид ч гайхаж байснаа нуух юун.

Хэдийгээр хөл хорио тогтоох хугацаа дуусгавар болоогүй байгаа хэдий ч замын постуудын ажиллагаа харьцангуй суларсан байлаа. Зарим жижиг постууд дээр цагдаа нар машин болон байрнаасаа гарч ирэхгүй. Жолооч очиж бичиг баримтаа үзүүлээд нэвтрэх зөвшөөрлөө авсны дараа зам дээр тавьсан хаалтыг авч машинаа гаргасны дараа буцаан тавих жишээний. Тэдний хэн ч халуун хэмжсэнгүй бөгөөд хамгийн их байцаалт авсан 22-ын товчооны шалгалт хүртэл тэгж ингэсхийгээд гаргаж байсан юм.

УОК-ийн зөвшөөрөлтэй бичигтэй учраас мань мэтэд цаг зарцуулахаас илүүтэйгээр зөвшөөрөлгүй яваа нөхөдтэй тулж ажиллах гэж яарсан байж мэднэ. Дээрээс нь цаг агаар хүйтэрч зөөлөн цасан шуурга шуурч байсан ч нөлөөлсөн байх. Гэхдээ л замд зорчих албан ёсны зөвшөөрөлгүй хэн боловч тэр олон шалган нэвтрүүлэх постыг давж гарахааргүй сайтар зохион байгуулсан нь тодорхой харагдаж байв. Нэгийг нь гуйгаад, "арын хаалгадаад" гарлаа гэхэд дараагийн тэр олон постыг аргална гэдэг мэдээж хэцүү.

Үдшийн бүрий тасарч байхад буюу 20:00 цаг дөхөж байхад бидний хэдэн нөхөд 22-ын товчоо руу орж ирсэн. Энд хот руу орох-гарах гэсэн машин тэрэг элбэг байлаа. Хот руу орох зорилготой нөхөд бүгдээрээ шахуу нэг, нэг цаас барьсан бөгөөд хөл хорио тогтоосон өдрүүдийн сүүлчээр сум, аймгийн онцгой комиссийн зөвшөөрөлтэй бичиг уул овоо мэт овоорсон болохыг шалган нэвтрүүлэх товчоодынхон хэлж байна. 

Энэ үеэр хотоос гарах гэсэн нэгэн буурай хоёр хүүгийн хамт зогсож байв. Ямар шалтгаанаар орой болсон хойно хотоос гарах болов хэмэнэ сонирхоход Өлзийт хороололд байдаг хамаатан хөгшнийх нь хүү гэнэт нас барж ажил явдалд нь оролцох гэж буй аж. Цагдаагийнхан нас барсан хүний гэрчилгээг баримт болгон үзүүл, мөн машинаа товчооны наана орхиод цааш явганаар яв, эсвэл цаанаас машин дууд гэсэн шаардлага тавьжээ. Энэ нь эргэж хот руу орно гэсэн баталгаа болдог аж. Удалгүй Өлзийт хорооллоос ажил явдалтай айлын хүн машинтай ирж, нас барсан дүүгийнхээ гэрчилгээг үзүүлснээр дээрх гурван хүн товчоогоор явган гарч цааш машинд суун явлаа. 

Зөвхөн хоёрдугаар сарын 27-ноос 29-ны өдрүүдэд Улаанбаатар хот руу ямар нэгэн зөвшөөрөлтэй болон учир шалтгаантай 1000-2500 орчим иргэн нэвтэрчээ. Харин хотоос гарсан иргэдийн тоо 500-1000 орчим. 

Бидний бичиг баримтыг шалгасан цагдаагийн албан хаагч албан бичиг дээрх хүмүүсийн овог нэрийг иргэний үнэмлэхтэй нь тулган шалгасны дараа нэр нэрээр нь дуудаж нүүр царайг нь хүртэл тулгаж шалгав.

Дараа нь машины арын кабинийг онгойлго гэсэн боловч ард овоолсон хувцас хунар, камер хэрэгсэл нурж унаж мэдэхээр болсон тул "за больё больё" хэмээгээд явж одсон. Харин бидэнд эрүүл мэндийн үзлэг хийх ёстой эмч гадаах хүйтэнд гар нь бээрсэн үү яасан овог нэр асуумар болоод халуун ч үзэлгүйгээр "яв, яв" хэмээн дохьсоноор нийслэл хотынхоо хаалгаар орж явчихлаа. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.