СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мэргэжлийн хяналтын нэр барьж залилан хийх явцдаа тус байгууллагын мэргэжилтэнд баригджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед мэргэжлийн хяналтын байгууллагын нэр барьж, аж ахуйн нэгжийг залилах оролдлого хийжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн хоолны газарт мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүрэмт хувцас өмсөж, өөрийгөө Сэрэнжав гэж танилцуулсан этгээд үнэмлэх үзүүлэн “Шалгалтаар явж байна” хэмээсэн гэнэ.

Түүнийг ийнхүү улсын байцаагчийн дүр эсгэж байх үед тус дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга тухайн зоогийн газраар үйлчлүүлж таарчээ. Улмаар мэргэжлийн хяналтын байцаагчийн дүрэмт хувцас өмсөж, хуурамч үнэмлэх зүүсэн этгээдийг цагдаагийн байгууллагад мэдэгдсэн аж. Үүнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газар цахим хуудсаараа дамжуулан “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Сэрэнжав нэртэй улсын байцаагч ажилладаггүй бөгөөд энэ асуудлыг бид харьяа цагдаагийн байгууллагад шилжүүллээ.

Мэргэжлийн хяналтын байгууллага төлөвлөгөөт болон удирдамжтай шалгалт хийх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхдээ аж ахуйн нэгж байгууллагад урьдчилан мэдэгддэг. Мөн аж ахуй нэгж байгууллагад торгууль, шийтгэврийг тавихдаа бэлэн мөнгөөр бус, дансанд төвлөрүүлдэг” хэмээн сэрэмжлүүлжээ. Залилан хийхээр оролдсон этгээд дүрэмт хувцастай байсан нь тус байгууллагад ажилладаг танил талаасаа авсан эсвэл дээрх нууц үйлдвэрт оёулсан байхаас гарцаагүй юм. Учир нь Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилчдын дүрэмт хувцсыг оёдог үйлдвэр байдаг бөгөөд ажил мэргэжлийнхээ шаардлагаар үйлдвэрийнхээ нэр, хаяг байршлыг нууцалдаг аж. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тодруулахад “Хууль, цагдаагийн байгууллага шалгаж байгаа болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Улсаас тэр бүр хувцсаар хангадаггүй учир байцаагч нар хувиараа дүрэмт хувцсаа хийлгэдэг. Энэ мэт эрсдэлтэй үйлдэл гарч болзошгүй учир үйлдвэрээ нууцалдаг” гэв.

Г.Эрдэнэ

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.