СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-03-02

Гуйлга гуйлгүй, бэлэг өгчихөөд ирсэн анхны айчлал

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 Дэлхий нийтийг айдас хүйдэст автуулж, мянга мянган хүний амийг авч буй халдварт өвчний голомт болсон БНХАУ-д хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн гэнэтийн айлчлал монголчуудын төдийгүй манайхыг анзаардаг гадаадынхны, өмнөд хөршийнхний ч гайхшийг барж орхив. Монгол ядруухан эдийн засагтай, эрүүл мэндийн салбарын хүчин чадал, эмч, эмнэлгийн байгууллагын аль алиных нь хүрэлцээ муу учраас өндөр хөгжилтэй зарим орон шиг “Коронавирусийн халдвар ороод ирсэн ч даваад гарна” хэмээн цээж түхийлгэж чадахгүй, халдварт өвчнийг оруулж ирэхгүйн төлөө хамаг арга чаргаа хэрэглэж буй. Эдийн засагт багагүй хохирол учрахыг таамаглаж буй ч эрсдэл үүрээд ч хамаагүй халдварт өвчнөөс сэргийлэхээр шийдэж, Засгийн газар, Улсын онцгой комиссоос БНХАУ-тай хиллэдэг бүх боомтод хөл хорио тогтоон, агаарын хилээ ч хаах шийдвэр гаргасан. Гэтэл Ерөнхийлөгч онгоц хөлөглөж, арваад хүн дагуулаад БНХАУ руу явчихав.

“Яах гэж байгаа юм бол” гэсэн асуулт хаа сайгүй нисэлдэв. Орж, гарах бүх урсгалыг зогсоон, хаалгаа дотроос нь түгжчихээд байхад Төрийн тэргүүн түүнийг огоорч, энэ их хорио цээрийг зөрчин, өвчний голомт болон олон улсад адлагдаж буй улс руу явлаа гэж олон нийтийн сүлжээгээр түүнийг шүүмжлэгчид давалгаалав. Өөр нэг хэсэг нь “Яалт ч үгүй хойшлуулшгүй ажил гарсан болоод л явсан байж таарна. Аягүй бол ямар нэг тусламж, дэмжлэг гуйхаар яваа даа. Нүүрсний экспорт зогсоод мөнгөгүй болчихлоо, мөнгө өгөөч гэх үү. Эсвэл энэ айхтар халдварыг илрүүлж, эмчлэхэд тусламж хүсэх нь үү” хэмээн өөр өөрсдийн таамгийг дэвшүүлж суулаа. Манайхан төдийгүй гадаадынхан, хятадууд ч тийм нүдээр харж байсан биз.

Гэтэл .

“Иж бүрэн стратегийн түншлэлийг бататгахад чухал түлхэц боллоо”

Төрийн тэргүүн гэнэтийн айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын дарга Си Зиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай уулзсан. БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзахдаа БНХАУ-д шинэ төрлийн коронавирус (Covid-19) тархаж, Хятадын ард түмэн сэтгэл санааны хохирол амссан явдалд эмгэнэл илэрхийлж, “Монголчууд “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал”, “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж ярьдаг шигээ эртний сайхан ёсоор энэ удаад хүрэлцэн ирлээ” хэмээгээд “Си Зиньпинээр удирдуулсан БНХАУ-ын ард түмэн коронавирусийн тархалтыг удахгүй ялан дийлж, цаг зуурын бэрхшээл сорилтыг давж чадна. БНХАУ-ын шинжлэх ухаанд суурилсан тэмцэл, хичээл зүтгэлийн хүчээр цар тахлыг ялан дийлэх нь дэлхий нийтэд ч тустай үйл болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн. Мөн “БНХАУ-тай хуурай газраар хамгийн урт хиллэдэг (4709.6 км) хөрш орны хувьд коронавирусийн асуудалд Монголын ард түмэн санаа зовж байгаа.

Цаг үеийн байдалтай холбогдуулан хоёр орны хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарласан хэдий ч тархалт буурсны дараа иргэдийн зорчих хөдөлгөөн хэвийн болж, худалдааны эргэлт, эдийн засгийн хамтын ажиллагаа улам сайжирна гэдэгт итгэлтэй байгаа” хэмээсэн. Халдварт өвчний голомтот нутагт очоод түүний хэлсэн үг ердөө л энэ. Гэвч “Тархалт буурсны дараа иргэдийн зорчих хөдөлгөөн хэвийн болж, худалдааны эргэлт, эдийн засгийн хамтын ажиллагаа улам сайжирна гэдэгт итгэлтэй байгаа” гэдэг өгүүлбэр бол ганц гэж чамлалтгүй, цаанаа өргөн агуулгатай билээ.

. Мөн халдварт өвчин гарснаас хойш БНХАУ-д хийсэн Төрийн тэргүүний анхны айлчлал гэдгийг онцолж, энэ удаагийн айлчлал нь Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаандаа шинэ боломж гаргах завшаан хэмээн тэмдэглэсэн. Түүний хэлсэн үг мөн л ердөө энэ. Гэвч ердөө хэмээн чамлаж болохгүй гүнзгий сэтгэлийн илэрхийлэл хэмээн харахад алдахгүй биз.

Гуйлга гуйлгүй, бэлэг өгчихөөд ирсэн анхны айлчлал

Манай төр, засгийн тэргүүнүүд хүчирхэг эдийн засагтай улсуудад айлчлахдаа хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалт гээд ямар нэг хэлбэрийн тусламж, дэмжлэг хүсээгүй удаа Монгол Улсын нэн шинэ үеийн түүхэнд лав үгүй. Албан тушаалтнууд гадаад оронд явахдаа бүтэх, бүтэхгүй нь хамаагүй, ямар нэг зүйл гуйх л ёстой гэсэн бодолтой явдаг нь одоо жижиг дарга нарт хүртэл халдчихаад, аймгийн дарга нар аль нэг хотын дүүргийн даргатай уулзахдаа том том хандив, тусламж гуйдаг болсон. Тэр ч бүү хэл, дарга нарыг аль нэг улсад айлчлахад “Юу гуйх нь вэ” гэж харах, гадаадын төр, засгийн тэргүүнүүд манай улсад ирэхэд “Ямар бэлэгтэй ирж вэ” хэмээн хүлээх гунигт дүр төрх нийгэмд аль хэдийн тогтож, энгийн үзэгдэл болж хэвшээд буй.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тэргүүнээр ажиллах хугацаандаа өндөр хөгжилтэй, хүчирхэг эдийн засагтай, баян чинээлэг улсуудад гуйлга гуйхгүй айлчилж болдгийг монголчуудад, Монгол гуйлгачин ард түмэн биш гэдгийг олон улсад харуулахаар шийдсэн бололтой. Магадгүй, түүний гадаад харилцаанд шингээхийг хүссэн өнгө, үнэр энэ биз.

Түүний өнгөрсөн онд АНУ-д хийсэн айлчлалыг “Сүүлийн 30 жилд гуйлга гуйгаагүй, ажил хэрэг ярьсан анхны айлчлал” хэмээн олон нийт тодорхойлж байсан. Тэгвэл хэд хоногийн өмнө БНХАУ-д хийсэн айлчлалыг “Дэлхийн том гүрнээс гуйлга гуйгаагүй, харин бэлэг өгчихөөд ирсэн анхны айлчлал” гэж хэлж болохоор байна.
БНХАУ бол бидний мөнхийн хөрш. Газар, усаар холбогдсон хил залгаа орон гэдгээс гадна дэлхий нийтэд сүр хүчээ улам зузаатгаж буй их гүрэн. Энэ улстай бид харилцан ойлголцож, зэрэгцэн оршихоос өөр сонголт үгүй. Өдрөөс өдөрт хүчирхэгжин, олон улсад нөлөөгөө тогтоож буй энэ их гүрэн дэлхийн тавцанд ганцаардаж, сэтгэлийн хань хайх тохиол тийм ч олон биш. Аймшигт тахал дэгдэж, улс гүрнүүд хятад хүнээс цэрвэн, боломж олдсон дээр нь гэсэн шиг муу муухайгаар дуудан, тийш зүглэх бүү хэл хятадын гэсэн юм бүхнээс татгалзахыг эрмэлзэж байхад манай улс халуун хошуут малаа бариад явж очсон нь яах аргагүй өвөрмөц, холыг харсан нүүдэл гэдэгтэй маргах хүн үгүй биз.

Халдварт өвчинтэй тэмцэж буй хөрш улсдаа сэтгэлээрээ хамт шүү гэдгээ илэрхийлж, бэлэг өгөөд буцсан түүний айлчлалтай зэрэгцээд Монголын Ерөнхийлөгчийн сонирхолтой ч гэмээр айлчлал, тал нутгийн нүүдэлчдийн өгөөмөр сайхан сэтгэл, монголчуудын бэлэглэсэн хоньдын тухай яриа өмнөд хөршөөс халин, дэлхий дахинд цуурайтав. Энэ хэрээр Монгол хэмээх нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурсаж, Монголыг сонирхох түмэн нүд дэлхийн энгээр ширтэж байна. Ерөнхийлөгч яалт ч үгүй бэрсийн нүүдэл хийжээ.

Х.Уянга

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.