Франц улсад шинэ төрлийн коронавирусийн халдварын 130 тохиолдол илэрч, хоёр хүн нас барсан байна. Тус улсын Засгийн газар коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд Парис хот дахь алдарт Луврын музейн хаалгыг өнгөрсөн бямба гарагт барьжээ.
Аялагч, жуулчид хамгийн их очдог, хүний хөл хөдөлгөөн ихтэй дэлхийд алдартай музейн хаалгыг ням гарагт нээнэ гэж итгэсэн жуулчид ширүүн бороонд урт дараалал үүсгэн хүлээсэн боловч эрх баригчид музейг хаалттай хэвээр үлдээсэн байна. Луврын музейд хоногт багадаа 5,000 хүн зочилдог аялал жуулчлалын гол төв боловч тус музейн албан ёсны цахим хуудсанд Ковид-19 вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалж үйл ажиллагаагаа түр зогсоож, хаалгаа барьсан тухай мэдэгджээ.
Эрх баригчид улс орон даяар олон нийтийн цугларалт, баярын арга хэмжээ, зах үзэсгэлэн худалдаануудыг албан ёсоор цуцалсан байна.
Эх сурвалж: ВВС