Ковид-19 шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол БНСУ-д өнөөдөр өглөөний байдлаар 3,736-д хүрч, 21 иргэн нас барсан байна. Тус улсын Засгийн газраас БНХАУ-ын Ухань хотоос гаралтай коронавирусийн тархалтыг эрүүгийн гэмт хэрэгт тооцож хэргийг мөрдөн шалгахаа мэдэгдээд байгаа юм.
Халдварын анхны тохиолдол Өмнөд Солонгос улсад эрт илэрсэн ч тархалт нэмэгдээгүй байсан. Гэсэн ч Тэгу хотын Шинчэонжи нэртэй христийн шашны сүмд халдвар тээгч 60 настай эмэгтэй шинж тэмдэг илэрсэн ч эмнэлэгт очиж шинжилгээ өгөхөөс татгалзан удаа дараа сүмийн мөргөлд очсоноор тус хот халдварын голомтоор нэрлэгдэж онц дэглэм тогтоосон билээ. Тиймээс нийслэл Сөүл хотын эрх баригчид тус сүмийг үүсгэн байгуулагч шашны зүтгэлтэн 88 настай Ли Мэн Хи болон бусад 11 хүнийг шалгаж, ял тулгахыг шаардсан байна.
Вирусийн тархалт хурдацтай нэмэгдэхээс өмнө тус сүмийн удирдах албан тушаалтнууд гишүүдийнхээ нэрийг холбогдох эрх мэдэлтнүүдээс нуужээ. БНСУ нь Хятадын дараа коронавирусийн халдвар хамгийн их тархсан хоёр дахь улс болоод байгаа юм. Халдвар авсан 3,736 хүний тэн хагасаас илүү нь Шинчэонжи сүмийн гишүүдтэй холбоотой болохыг тогтоосон.
Сүмийн удирдах албан тушаалтнууд гишүүдийнхээ нэрийг аюулгүй байдлын үүднээс нууцалж байсан ч нөхцөл байдал дордсон тул шаардлагатай бүх мэдээлэл буюу гишүүдийнхээ нэр, хаяг, байршлыг бүрэн тодорхойлохоо мэдэгджээ.
Сөүл хотын захиргаа прокуроруудад сүмийн үйл ажиллагааг удирддаг 12 хүний нэрийг өгч тэднийг хүн амыг үй олноор устгасан, хүнд гарз хохирол учруулсан болон Халдварт өвчинтэй тэмцэх, хянах төвийн шаардлагыг биелүүлээгүй хэмээн буруутгаад байна. Сүмийн 230,000 гишүүнийг шалгахад тэдгээрийн 9,000-д нь Ковид-19 вирусийн халдварын шинж тэмдэг илэрчээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр шинэ төрлийн коронавирусийн халдвар 50 улсад илэрсэн ба 85,500 орчим хүн халдварлаж, 2,900 гаруй өвчтөн нас баржээ. Ням гарагт Австрали, Тайланд улсуудад халдварын улмаас иргэн нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: BBC