УИХ-ын чуулган Баасан гарагт намрын чуулганы хаалтаа хийсэн. Энэ удаагийн чуулган бүхий л үзүүлэлтээрээ түүхэн гэж хэлж болохоор шахуу хуваарьтай, өндөр ачаалалтай ажиллажээ. Өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш 11 сар завсарлагагүй ажиллаж, тасралтгүй хуралдсан байна. Монгол Улсын парламентын 28 жилийн түүхэнд намар-хавар-намрын 3 чуулган үргэлжилж хуралдсан тохиолдол байгаагүй юм байна.
Энэ намрын чуулган 86 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 32 удаа, Байнгын болон дэд, түр хороод давхардсан тоогоор 119 удаа хуралдаж, нийт 154 хууль, Улсын Их Хурлын 51 тогтоол хэлэлцэн баталлаа. Холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг 19, нийтийн сонсгол 3 удаа зохион байгуулсан байна.
Дөрөвдүгээр сард 2016-2020 оны парламентын сүүлчийн хаврын чуулган эхэлнэ.
Энэ чуулганаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлтийг хийнэ. Дагалдан гарах холбогдох хуулиудыг батлах зорилт тавьжээ.
Мөн Засгийн газраас боловсруулсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг тодорхойлсон баримт бичгийг хаврын чуулганаар хэлэлцэх юм.