СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-02-29

LIVE: ЭМЯ: Жаргалантын аманд тусгаарлагдаад байсан иргэд халуунаа үзүүлэхгүй гэсэн эсэргүүцэл гаргалаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотой асуудлаар цаг үеийн шуурхай мэдээлэл хийлээ.

Дэлхийн 55 оронд өвчлөл гарсан байна. Шинээр Монака, Нигэр, Испани зэрэг олон орнуудад тохиолдол илэрлээ. Коронавирусийн тархалт нэлээн эрчтэй тархах шинжтэй болж ирлээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас аюулын түвшин ноцтой хэмжээнд хүрч байгааг анхааруулж байна.

Ямар нэгэн өвчлөл гараад ирсэн тохиолдолд цаашид тархаахгүй байх чиглэлээр маш эрчтэй ажиллахыг сэрэмжлүүлж байна. Ковид-19-ийн эсрэг дэлхийн улс орнууд хамтдаа байж, хамтран тэмцэж байж ард нь гарна. Энэ өвчин өндөр настнууд, суурь өвчтэй хүмүүсийг маш хурдан нэрвэж байгаа тул энэ бүлгийн хүмүүс онцгой сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Хэрвээ ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл 103 дугаарын утас, хороо дүүргийнхээ мэргэжилтэнд хандана уу:

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа

ДЭМБ-аас гаргасан сүүлийн мэдээгээр коронавирусээр халдварласан 83694 тохиолдол батлагдаж, 2861 иргэн нас барлаа. Сүүлийн 24 цагийн дотор л гэхэд Монака, Нигэр, Шинэзеланд, Испани, Нидерланд, Беларус, Литван, Азербайжан зэрэг улсад шинэ тохиолдол илэрлээ. Сүүлийн 24 цагийн байдлаар БНХАУ-д 329 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь сүүлийн нэг сарын хугацаанд гарсан хамгийн бага үзүүлэлт байлаа. 21 улсад энэ өвчин тархаж байна. Ялангуяа БНСУ-д 571 тохиолдол шинээр бүртгэгдэж, тус вирусээр халдварласан хүний 2331 боллоо. Италид 250 шинээр халдвар авч нийт халдвар авсан хүний тоо 564-т хүрлээ.  Иранд 104 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 254 болж, нас барсан хүний тоо 24 болжээ. Энэ халдвар өргөн хүрээнд тархсан тохиолдолд 9 чиглэлээр анхаарч ажиллахыг ДЭМБ-аас зөвлөлөө.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал

Дэлхийн 55 улсад тархалт гарсантай холбоотойгоор манай улс урьдчилан сэргийлэх ажлаа улам эрчимжүүлж байна. Яг одоогоор манай улсад 351 хүнийг ажиглалтад аваад явж байна. Тус өвчнөөр өвчилсөн тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байгааг хариуцлагатайгаар хэлье. Тусгаарлах, ажиглалтад авах бүх ажиллагааг хийж байна. Түргэвчилсэн оношлуурыг авах, шинэ эмчилгээний төхөөрөмжтэй газар дээр нь очиж танилцах ажлыг хийж байна. Өвчин гарсан тохиолдолд хүмүүсийг тусгаарлан эмчлэх эмчилгээний байруудын тоог нэмэгдүүлэх ажлыг хийж байна. Одоогоор нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн байраа өгөх хүсэлтээ ирүүлсэн Эм Би Жи эмнэлэг, Очирваань эмнэлгийн байруудыг бид бүхэн очиж үзсэн.

Эрчимт эмчилгээний эмч нар маань Монгол Улсынхаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд тус өвчний шинж тэмдэг, эмчилгээ, шинэ тоног төхөөрөмжийг хэрхэн ажиллуулах зааврыг цахимаар хийсээр байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд хүндрэл учруулж байж болзошгүй нөхцөл байдал бий болж байгаа. Тухайлбал өчигдөр Сонгдо эмнэлэгт сэжигтэй тохиолдол илэрлээ гэсэн мэдээллийн дагуу тухайн хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна.

Жаргалантын аманд тусгаарлагдаад байсан иргэд халуунаа үзүүлэхгүй гэсэн эсэргүүцэл гаргалаа. Тухайн үйлдлийг гаргасан даруйд цагдаагийн байгууллагад хандаж, бусдыг өдөөн турхирсан хүнийг олж тогтоон шалгаж байна. Энэ хүнд цаг үед иргэний эрх гэхээс илүүтэйгээр үүргийг нэн тэргүүнд авч үзэх шаардлага бий болоод байна.

Тусгаарлагдсан хүмүүс эмч, эмнэлгийн мэргэжилтний шаардлагыг эсэргүүцэх, тэднийг хэл амаар, үг хэлээр доромжилж харьцсан тохиолдолд шууд хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

МХЕГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар

Сүүлийн үед хилийн боомтууд маш ачаалалтай ажиллаж байна. Манай байгууллага нийтдээ 330 сэжигтэй тохиолдлыг илрүүлээд байна.Тухайлбал манай улсын нэг ажилтан БНСУ-д очиж туршлага судалж байна гэх нэрийн дор тус улсын хоёр гурван эмнэлгээр явж ажиллачихаад Нурсултанаар дамжин эх орондоо ирсэн байна. Энэ хүнийг илрүүлж нэн даруй тусгаарласан. Тагнуул болон тусгай хүчнийхэн ийм хэргийг илрүүлэхээр онцгой сэрэмжтэй ажиллаж байна. Сэжигтэй тохиолдлыг илрүүлэх, тэднийг дуудан тусгаарлах ажлыг шуурхай авч хэрэгжүүлж эхэлсэн. Халдвар хамгааллыг өндөр түвшинд авч хэрэгжүүлж байна.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 94 тохиолдол байна. Эдгээр хүмүүсээс коронавирус илрээгүй. Хоёрдугаар сарын 28-нд ажиглалтад 34 хүн, улсын хэмжээнд нийт 52 хүн ажиглалтад орсон. Эмч эмнэлгийн ажилтнууд маань 24 цагийн турш жижүүрлэж тасралтгүй ажиллаж байна. Тиймд иргэд маань эмнэлгийн ажилтнуудаа хүндэтгэж хандахыг хүсэж байна. Хилээр орж ирж байгаа хүмүүсийг нэг бүрчлэн маш нямбай үзэж байгаа учраас гадаадаас ирж буй иргэд хүлээцтэй байхыг хүсэж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.