Covid-19-ийн халдвар авсан хүний тоо дэлхий даяар 81 мянга давж энэ вирусээр нас барагсдын тоо 2,700 гараад байгаа юм. Хамгийн анх энэ өвчин гарсан газар буюу БНХАУ тэр дундаа халдварын голомт Ухань хотод вирусийн тархалт нэмэгдэх нь илт багасаж, уг вирусийн халдварыг тогтоон барьж хяналтдаа авсанд албан бусаар тооцогдоод байгаа бол БНСУ, Иран, Италид халдвар авагсдын тоо эрс нэмэгдэж аюулын харанга дэлдлээ.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төв өнөөдөр 10:00 цагт ээлжит мэдээлэл хийж тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол өчигдөр 17.00 цагаас хойш 256-аар нэмэгдэж нийт 2022-д хүрснийг мэдэгдэв. Шинээр Сөүл хотод 6, Бусан хотод 2, Дэгү хотод 182, Инчон хотод 1, Дэжөн хотод 4, Кёнги мужид 4, Умард Чүнчон мужид 1, Өмнөд Чүнчон мужид 4, Умард Гёнсан мужид 49, Өмнөд Гёнсан мужид 3 тохиолдол тус тус илэрсэн байна.
Одоогийн байдлаар 70940 (+4288) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 44167 (+4849) иргэний хариу сөрөг гарч, 24751 (-817) иргэний хариу хүлээгдэж байна. Нийт 26 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан бол 13 иргэн нас барсан. Одоогоор 1983 (+256) иргэн тусгаарлагдсан байна.
Итали улсад маш хурдацтай буюу нэг шөнийн дотор 147-оор нэмэгдэж, халдвар авсан хүмүүсийн тоо нийтдээ 470 болоод байгаа бол одоогийн байдлаар 12 хүн нас бараад байна. Тус улсын хойд хэсэгт байрлах тархалтын голомт болоод буй 11 тосгоныг хөл хорионд оруулж, олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулахыг хориглосон бөгөөд сургууль цэцэрлэг, кино театруудыг хаажээ.
Сүүлийн хоёр хоногт Бразил, Австри, Хорват, Грек, Норвеги, Швейцарь, Гүрж, Умард Македон улсад Covid-19-ийн шинэ тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
Эдгээр халдвар авсан хүмүүсийн ихэнх нь Италид очоод эх орондоо эргэж ирсэн хүмүүс байжээ. Тухайлбал, Латин Америкт илрээд байгаа анхны өвчтөн Италид бизнес уулзалтад оролцсон байжээ.
БНХАУ-д өчигдөр буюу пүрэв гарагт коронавирусийн халдварын 327 шинэ тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын үндэсний эрүүл мэндийн хорооноос өнөөдөр мэдээллээ. Энэ нь нэгдүгээр сарын 23-наас хойш нэг өдөрт илэрсэн хамгийн бага тоо болжээ. Өмнөх өдөр нь 433 тохиолдол бүртгэгдээд байсан юм.
Харин тус улсад сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн халдвараар 44 хүн нас барсан бөгөөд 41 нь Хубэй мужид бүртгэгдсэн бол Бээжинд 2, Шиньжянд 1 хүн нас баржээ. Мөн өчигдөр шинээр илэрсэн тохиолдлуудын 318 нь Covid-19 өвчний тархалтын голомт болоод буй Хубэй мужид бүртгэгдсэн байна.
Эх газрын Хятадад пүрэв гарагийн оройны байдлаар нийт халдвар авсан хүний тоо 78825 болж, 2788 хүн нас барж, 36117 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.