Дэлхийн 38 оронд халдварын тохиолдол илэрч, 81,135 хүн халдварлаж 2,700 гаруй хүн амиа алдсан Ковид-19 коронавирусийн тархалт нэмэгдсэн бүс нутгуудад эдийн засгийн хүнд нөхцөл байдал үүсч болзошгүй байгаа юм. Хятадын тусгай бүс Хонконгт 85 хүн коронавирусийн халдвар авч, 2 хүн нас барсан бөгөөд эрх баригчдын зүгээс удааширч буй эдийн засгийн нөхцөл байдлыг сэргээхийн тулд байнгын оршин суугчдадаа 1,200 ам.доллар буюу 10,000 хонконг долларын бэлэг өгөхөөр шийджээ.
Ингэхдээ 18-аас дээш насны байнгын оршин суух хаягтай долоон сая иргэнд улсын төсвөөс тус бүр 10,000 хонконг доллар өгнө гэжээ. Энэ нь иргэдийн орлого зарлагыг нэмэгдүүлж, бараа материалын борлуулалтыг нэмснээр эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хөнгөвчилнө хэмээн тайлбарласан байна.
Шинэ төрлийн коронавирусийн халдвар тархахаас өмнө олон сар үргэлжилсэн ардчилал, эрх чөлөөний төлөөх жагсаал тэмцэл, улс төрийн тогтворгүй байдал эдийн засагт хэдий нь хор нөлөө учруулаад байсан юм. Санхүүгийн зохицуулалт хариуцсан газрын нарийн бичгийн дарга Пол Чаны өнөөдөр хэлснээр Хонконгийн эдийн засаг энэ жил хүнд сорилттой тулгарч байна. Түүний үргэлжлүүлэн ярьснаар “удаан хугацааны туршид нөхцөл байдлыг ажигласны дүнд 18 болон түүнээс дээш насны иргэддээ 10,000 хонконг долларыг тарааж өгөхөөр шийдсэн” гэжээ.
Хонконгийн эрх баригчид халдварт вирус болон жагсаал цуглаанд өртсөн эдийн засгаа сэргээхээр 120 тэрбум хонконг долларын төсөв баталсан ажээ. Мөн бэлэн мөнгөөр бэлэг барихын сацуу олон нийтийн орон сууцны түрээсийг бууруулах, цалин тэтгэмжийг нэмэх, татварыг багасгах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Эх сурвалж: BBC