АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамд энэ долоо хоногийн эхэнд Энэтхэг улсад албан айлчлалаа эхлүүллээ. Гэвч түүнийг Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод зочлон улс төрийн болоод бизнесийн удирдагчидтай дээд хэмжээний уулзалт хийх үеэр хотод шашин хоорондын мөргөлдөөн гарч багадаа 13 хүн амь насаа алдсан байна.
Энэтхэгийн эрх баригчдын баталсан иргэншил олгох хуулийн шинэ төслийг эсэргүүцсэн жагсаал Хинду болон Исламын шашинтнуудын мөргөлдөөнөөр үргэлжилжээ. Цус асгаруулсан мөргөлдөөн Трампын уулзалт хийж буй хотын төвөөс хойш 18 км-т Дели хотын зүүн хойд дүүрэгт гарсан байна.
Иргэншил олгох хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтийг өнгөрсөн жил баталснаас хойш Исламын шашинтнуудыг хавчин гадуурхлаа хэмээн эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн улс орон даяар өрнөсөн юм. Харин Дели хотод жагсаал цуглаан өчигдрийг хүртэл тайван замаар үргэлжилж байжээ.
Трамп айлчлалынхаа үеэр хэвлэлийн бага хурал хийхэд Делид болсон цуст мөргөлдөөн, жагсаал тэмцлийн талаар сэтгүүлч сурвалжлагчид асуухад асуултад хариулахаас зайлсхийж, Энэтхэг улсын эрх баригчдын шийдэх хэмээжээ.
Эх сурвалж: BBC