Коронавирусийн тархалт олон улсад эрчимжиж, халдварласан тохиолдол нас баралтын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан ЭМЯ-наас шуурхай мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн яам:
Коронавирусээр халдварласан тохиолдол дэлхийн олон оронд шинээр илэрч байна. Тухайлбал Хорват улсад тус вирусээр халдварласан анхны тохиолдол өнөөдөр бүртгэгдлээ. Итали улсад ковид-19 өвчнөөр өвчилсөн тохиолдол 54-өөр, нас баралт 2-оор нэмэгдлээ.
Иран Улсад 20 гаруй шинэ тохиолдол илэрч, нас баралтын тоо ч мөн нэмэгдсэн гэдэг харамсалтай мэдээлэл ирлээ. БНСУ-д тус өвчнөөр өвчилсөн тохиолдол 53-аар нэмэгдэж 977 болсон нас баралт 2-оор нэмэгдлээ. Нас барсан хоёр хүний нэг нь Монгол Улсын иргэн байна.
Австри улсад шинээр хоёр тохиолдол мөн бүртгэгдсэн. Тухайн хоёр тохиолдол нь Итали улстай хиллэдэг мужаас илэрчээ.
БНСУ-п аялж байгаад ирсэн хоёр иргэнд ханиах халуурах шинж тэмдэг илэрсэн талаар мэдээлэл өгье.
БНСУ-д коронавирусээр халдварласан, өвчилсөн, нас барсан тохиолдол нэмэгдэж байгаа учраас тус улсад аялсан хүмүүс ханиах, халуурах шинж тэмдэг илэрсэн даруйд холбогдох байгууллагад мэдээлэл хүргэж байна. БНСУ-д ажиллаж байгаад Багануур хотод ирсэн хоёр эмэгтэйн хоолой өвдөх, халуурах шинж тэмдэг илэрлээ гэдэг мэдээллийн дагуу тухайн хоёр хүнийг тусгаарлаад байна.
БНСУ-ын голомтот бүсэд аялж, ажиллаж байгаад ирсэн иргэдийг Асралт мед эмнэлэгт тусгаарлах ажлыг хийгээд байна.
БНСУ-аас шууд нислэгээр ирж байгаа иргэдийг тусгаарлаж байна гэдэг мэдээллийг авсан иргэд шууд нислэгээ цуцлаад ОХУ-аар дамжин Монгол руу орж ирэх гэж байна гэдэг мэдээллийг авсан. Иймд Алтанбулаг боомтыг хяналтандаа авч тухайн боомтоор орж ирсэн иргэдийг тусгаарлах бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн.
БНСУ-ын голомтот бүсээс ирсэн атлаа аялсан тухай мэдээллээ нууж, хуурамч мэдээлэл өгсөн хүмүүсийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулж эхэлсэн.
Коронавирусийн аюулыг оруулж ирэхгүйн тулд бүх шатанд анхаарч ажиллаж байхад иргэд маань энэ мэтчилэн худал мэдээлэл оруулж байгаад харамсаж байна.