Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-аас албан ёсны мэдээлэл өглөө.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа
Шинэ коронавирусийн халдвар илэрсэн улс орнуудын тоо олноор нэмэгдлээ. Тухайлбал, Ливан, Бахрейн, Кувэйт зэрэг орнуудад шинэ тохиолдол гарсан. Өнөөдрийн 09.00 цагийн байдлаар шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний 80150 хүрлээ. Нас барсан хүний тоо 2701, бүрэн эдгэрсэн хүний тоо 27627 хүрээд байна. Дэлхийн эрүүл мэндийн газраас өвчнийг цар тахлын хэмжээнд хүрээгүй байна гэж мэдээллээ. Хүн амын дунд тархаад эхэлсэн тохиолдолд тархалтыг хязгаарлах ажлыг эрчимтэй хийж ажиллахыг бүх улс оронд уриалж байна.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү
ХӨСҮТ-д тусгаарлагдсан найман хүн байгаа. Эдгээр хүнээс коронавирусийн халдвар илрээгүй. Энэ өвчин бусад улс орнуудад маш хурдан тархаж байна. Тиймээс уг өвчнийг тархаахгүйн тулд маш их хөрөнгө мөнгө, хүн хүчээ зарцуулж байна. Иймд иргэн та бүхэн дор бүрнээ сэрэмжтэй байж гадны улс орнуудад зорчихгүй байж, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлыг ягштал биелүүлэх шаардлагатай байна. Нэг хүнийг тусгаарлаж хянахын тулд асар их хүн хүч хөрөнгө мөнгө зардлагаддаг. Энэ өвчин бол энгийн нэг зүйл хэмээн үл тоож хэрхэвч болохгүй шүү.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал
Засгийн газрын шийдвэрийг маш сайн дагаж биелүүлж байгаа иргэддээ талархлаа дэвшүүлье. УОК-ын өчигдрийн хуралдаанаар коронавирусийн өнөөгийн байдал, гадаад дотоод нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, иргэдийн саналыг харгалзан үзэж БНСУ руу зорчих, ирэх бүх нислэгийг зогсоох шийдвэрийг гаргасан. Үүнээс гадна аймгуудын Засаг дарга нар аливаа эрсдэлт нөхцөл байдал бий болсон тохиолдолд шуурхай арга хэмжээ авах эмнэлэг, тусгаарлах орчинг бий болгох үүргийг өгсөн. Коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл асар өндөр байна. Монгол Улсын иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн гэдэг мэдээллийг Гадаад харилцааны яамаараа дамжуулан бүх шатанд авч байна.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл
Монгол Улсын иргэн 35 настай иргэн О нь хоёрдугаар сарын 12-ны өдөр ОМ-301 гэдэг нислэгээр ниссэн. Тэрбээр элэгний хатуурал өвчтэй байсан учраас эмнэлгийн үзлэг оношлогоонд орох эмчлүүлэх зорилгоор БНСУ руу зорчсон юм билээ. Тухайн иргэнтэй хамт явсан эхнэр болон эгч нараас шинжилгээ авахад коронавирусийн халдвар илрээгүй. Иргэн О-гийн өвчний нууц үеийн тандалт тооцооллыг хийж үзэхэд Монгол Улсад бус харин БНСУ-д эмнэлэгт үзүүлж байх явцдаа тухайн вирусээр халдварласан байх өндөр магадлалтай байна. Хамт явсан эхнэр болон эгч нараас нь вирусын халдвар илрээгүй учраас тусгаарлаагүй.