Хэнтий аймгийн Бэрх тосгоны уугуул, дуучин Цогтын Отгонсүрэнгийн шинэ уран бүтээл “Чамаараа би зөндөө гоёсон” дуу төрсөн түүхийг та бүхэндээ хүргэж байна. Уг дууны шүлгийг Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн бичсэн бол хөгжмийг Б.Цэвээнсүрэн бичжээ.
Монголын дуу хөгжмийн багш нарын холбооны тэргүүн Б.Цэвээнсүрэн нийслэлийн дуу хөгжмийн багш нарын дунд 2017 онд “Дуучин багш” хэмээх тэмцээнийг анх удаа санаачлан зохион байгуулахад уг тэмцээнд Налайх дүүргээс оролцсон дуу хөгжмийн багш Ц.Отгонсүрэн дэд байранд шалгарчээ.
Гэвч дэд байранд шалгарсан Ц.Отгонсүрэнд олгох ёстой 500 мянган төгрөгийн шагналын мөнгө Б.Цэвээнсүрэнд тухайн үед байгаагүй тул “Би шагналын мөнгөний оронд чамд нэг сайхан дуу хийж өгье. Чи харин шүлгээ аваад ирээрэй” хэмээн хэлсэн байна.
Энэ явдлаас хойш хэсэг хугацааны дараа Б.Цэвээнсүрэнгийн хүүхэд нь аавынхаа номын санг ухаж байгаад нэгэн хавтастай бичгийг унагааж тараасны дунд “Чамаараа би зөндөө гоёсон” дууны нот байж таарчээ. Б.Цэвээнсүрэн уг нотыг тэртээ 2000 онд бичсэн боловч дуучинд өгч, дуу болгож чадалгүй мартсан байсан нь ийнхүү гарч ирсэн байна. Ингээд тэрбээр тэр даруй Ц.Отгонсүрэн рүү залгаж шинэ дуу бэлэн болсон ирж сонсоорой хэмээн дуудсанаар энэ дуу эзнээ олжээ.
Дуучин Ц.Отгонсүрэн уг дуугаа Б.Лхагвасүрэн гуайд сонсгож чадаагүй хэдий уг дууны эзэн Б.Лхагвасүрэн агсны гэргий С.Баасан эгчид очиж сонсгосон байна. Мөн дууны клипэнд гардаг зураач нь Б.Лхагвасүрэн гуайн хүү Б.Саранхөхөө бол хөрөг зургийн дүр нь С.Баасан гуайн залуугийн дүр төрх юм байна.