Коронавирусийн халдварын шинэ тохиолдол 939-өөр нэмэгдэж, өнөөдөр 10 цагийн байдлаар халдвар авсан хүний тоо нийт 78706 боллоо.
БНСУ-д нийт 556 тохиолдол илэрсэн бол Японд халдварын тохиолдол 751 бүртгэгдээд байна. Харин БНХАУ-ын Хубэй мужид бямба гарагийн байдлаар шинээр 630 халдварын тохиолдол илэрч, 96 хүн нас барсан гэж орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд мэдэгдлээ.
Хятадад нийт 31 мужид шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн тохиолдол 77035 болж, хоногт 1032 хүнээр нэмэгдлээ.
Урд хөршид 11477 хүний биеийн байдал хүнд байгаа бол 22758 хүн бүрэн эдгэрчээ.
Хятад улсын албаны хүмүүс болон эрүүл мэндийн мэргэжилтнүүд нөхцөл байдал сайжирсан гэж мэдэгдсэн боловч тус өвчлөлийн байдал ноцтой хэвээр байгаа бөгөөд хөл хориог сулруулж болохгүй нь дээрх мэдээллээс харагдаж байна.
Хятадаас гадна 28 улсад шинэ төрлийн коронавирусийн 1352 тохиолдол бүртгэгдээд байна.
Өмнөд Солонгост коронавирусийн халдварын тархалт эрчимтэй нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан анхааруулсан билээ.
Тэгвэл өнөө өглөөний /2020.02.23/ байдлаар тус улсын хэмжээнд коронавирусийн халдварын тохиолдол 556-д хүрчээ. Нэг шөнийн дотор 123 шинэ тохиолдол бүртгэгдэн, нас барсан хүний тоо дөрөв боллоо.
Бусан хотод 2, Дэгүд 93, Гуанжу хотод 1, Кёнги мужид 2, Хойд Гёнсан мужид 20, Өмнөд Гёнсан мужид 4, Чэжү аялал жуулчлалын тусгай бүсэд 1 тохиолдол тус тус илэрсэн байна. Шинээр илэрсэн 123 тохиолдлын 75 нь Дэгү хотын Шинчөнжи христийн сүмээс халдвар авсан байна. Үлдсэн 48 тохиолдлын халдварын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.
Өмнөд Солонгост өнөөдрийн байдлаар нийт 6041 иргэний шинжилгээний хариу хүлээгдэж байгаа аж. Нийт 18 иргэн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарсан бол дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээг өнөөдөр мэдэгдлээ.
БНСУ-д шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас нас барсан анхны тохиолдол энэ сарын 19-нд бүртгэгдсэн юм.
Өмнөд Солонгост ажиллаж, амьдарч буй монголчуудад хандан тус улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас зөвлөмж, сэрэмжлүүлэг гаргасан билээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжүүдийг дагаж, өндөр халуурах, ханиалгах, дотор муухайрч, огих зэрэг шинж тэмдэг илэрвэл БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 /24 цагаар ажиллана/, Цагаачлалын албаны 1345 /09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө/ тусгай дугааруудад болон ойролцоох эмнэлгийн байгууллагад хандаарай.